Н.Алтанхуяг: Энэ аматанууд буухгүй, бууж өгдөггүй юм

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Хилийн боомтыг асуудлыг найман жилийн дараа дахин ярьж байна. 2013 онд хууль гаргаж байлаа. Ам амаараа, дур дураараа дургидаг, өөр өөрийн хуультай, олон талд хүнд суртал учруулдаг асуудал үүссэн. Үүнийг шийдэхийн тулд хууль баталсан юм, 2013 онд. Монголд шинэчлэлт, өөрчлөлт яагаад явдаггүй юм гэхээр бүгдээрээ хар гэртээ хаан, бор гэртээ богд, боомт дээрээ атаман болчихсон байдаг. Хоорондоо үзэлцээд л. Сүүлдээ Ч.Сайханбилэг тэр хуулийг хүчингүй болгосон. Хил дээр олон хүн багшруулах хэрэг байна уу? Миний хувьд 2013 онд хийсэн шийдлээ сайн ч гэж бодохгүй байна. Очихоор жорлон, орон сууц ярина. Манайхан гэдэг нь манайхан л байгаа байхгүй юу?

Улс мөртлөө хилийн боомт дээрээ улс байгуулчихсан. Хилийн цэрэг нь атаманддаг, гаалийнхан нь аматанддаг, хахуулиа авдаг. Энэ олон хүндрэлийг шийдэх ёстой. Энэ аматанууд буухгүй. Бууж өгдөггүй юм. Хилийн цэрэг, мэргэжлийн хяналтаараа хамгаалуулна. Нэг юмыг бод доо. Мэргэжлийн хяналт хил дээр ажиллах шаардлага байгаа юм уу? Багахан хэмжээний чацаргана Тайван руу гаргаад үзэхэд "Дээжээ явуулчих шинжилнэ, авбал авна, авахгүй бол авахгүй" гэж байна. Манайх шиг хил дээр оруулж ирээд гаалийнханд хахууль өгөөд шинжлүүлдэг юм алга. Айл гэр болж тоглохоо больцгооё. Ордог, гардаг юмаа хянамаар байна. Сэтгэлээсээ хандмаар байна. Хилийн баахан юм донгоддог мөртлөө алт ухаад явж байна. Бүгд юмаа хамгаална. Эх орны юм хамгаалж байгаа харагддаг мөртлөө ашиг хонжоо харна. Ажил хийхэд хэцүү. Нэг Засаг санаачилсан хуулийг дараагийнх нь дийлэхээ байгаад бууж өгсөн түүхтэй хууль орж ирж байна шүү. Идэж уухаа багасгая. Нэг л улс байгаа биз дээ. Хилийн, мэргэжлийн, гаалийн Монгол Улс гэж байхгүй. Нэгэн хил нэвтрээд ороод ирсэн зүйлийг мэргэжлийн хяналт шалгахаа боль. Ийм улс дэлхий дээр байхгүй. Гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний дээжээр хардаг болохоос биш Улаанбаатарын гаалиар шийдэхгүй ээ" гэв.