НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Шадар сайд С.Амарсайхан III тунгаа хийлгэжээ
УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусийн эсрэг дархлаа сэргээх III тундаа хамрагджээ. Тэрбээр өмнө нь Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцины хоёр тун вакцин хийлгээд өвдөөд эдгэснээ ярив. Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн бол бүүстер тунг наймдугаар сарын 17-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад 440 мянга гаруй иргэд буюу 18-аас дээш насны хүн амын 25 орчим хувь нь дархлаа сэргээх гуравдугаар тунд хамрагдаад байгаа бол Улаанбаатар хотод 21.5 хувьтай байна.
Шадар сайд С.Амарсайхан "Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК ковидын халдвараас иргэдээ урьдчилсан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах ажлын хүрээнд хийсэн хамгийн том ажил бол вакцинжуулалт. Давхардсан тоогоор бид 4.75 сая тун вакцинаар иргэдээ нэг, хоёрдугаар тунгаар дархлаажуулаад байна.
Вакцинжуулалтын үр дүнд өнгөрсөн хавар, зун, намрын турш хөл хорио тогтоолгүй, бизнес эрхлэгч, ААН-үүдийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж, 2020 онд -4.6 % хүртэл агшсан байсан эдийн засгаа 2021 оны эхний есөн сарын байдлаар 6.3%-д хүргэж чадлаа.
2021 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 286 мянга гаруй ажлын байрыг хадгалж үлдээд байна. Тухайлбал, АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 2 ИХ НАЯДЫН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР 104 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн.
Бид нийт хүн амынхаа 65.7 хувийг вакцинд хамруулсан учраас эдийн засгаа сэргээх ийм боломж бүрдсэн юм. Гэвч Коронавирусийн шинэ хувилбарууд дэгдэх тоолонд вакцины үр нөлөөг бууруулж байгаа учраас вакцины нөөц нь хангалттай байгаа АНУ, Израиль, Малдив зэрэг цөөн хэдэн орнууд дархлаа сэргээх нэмэлт 3-р тунг хийж эхэлсэн.
Засгийн газар ч мөн адил зорилтот бүлгийн иргэдээ 3-р тунд хамруулах Пфайзер вакциныг хангалттай хэмжээнд нөөцөлсөн учраас ард иргэдээ Бүүстер тунд хамруулах ажлыг эрчимжүүлж байгаа. Бүүстер тунгийн гол зорилго бол хүндрэл, эрсдэлээс сэргийлж, бизнес эрхлэгч, ААН-үүдийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулах, цаашлаад ажил, амьдралын хэвийн горимдоо хурдан ороход оршиж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад 440 мянга гаруй иргэд буюу 18-аас дээш насны хүн амын 25 орчим хувь нь дархлаа сэргээх нэмэлт ГУРАВДУГААР тунд хамрагдаад байна.
Иймд ард иргэд та бүхнийг эрсдэлээс сэргийлж, энгийн амьдралдаа хурдан эргэн орохын төлөө вакцины 3-р тундаа идэвхтэй хамрагдахыг уриалъя" гэжээ.