НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ч.Номин: Бид шавхагдашгүй оюун ухааны арвин их нөөцтэй
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Соёлын яам Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/-г дэмжих төвтэй хамтран зөвлөгөөн, үзэсгэлэн, чадахжуулах сургалт зэрэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд нийслэлийн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, олон нийтэд танилцууллаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн нар оролцлоо.
Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 43 мянга гаруй ЖДҮҮ эрхлэгч байдаг бөгөөд ДНБ-ий 18 хувь, экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг байна. Энэ дотроо соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 11 мянган аж ахуйн нэгж байдаг бөгөөд тэд голчлон соёлын, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул аялал жуулчлал дагасан борлуулалт нь тул цар тахлын нөлөөгөөр удаашралтай болж үйлдвэрлэл нь хумигдахад хүрч байгаа юм.
Тиймээс Соёлын яам Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төвтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг экспортын бүтээгдэхүүн болгох, үнэ цэн бүтээх гэх мэтээр тулгамдаж буй асуудал, санал шийдлээ өнөөдөр ярилцаж, соёлын ЖДҮҮ эрхлэгчдийн зарим бүтээлийг олон нийтэд танилцуулах үзэсгэлэн гаргасан юм.
Энэхүү үзэсгэлэнд бурхан урлаачдын урласан бурхад, Монгол эрэгтэйн их гарын хэт хутга, хөөрөг, гаанс, даалин, Монгол хатадын зүүсгэл өмсгөл, дээл ууж, Монголчуудын эрт дээр үеэс эхлэн өдөр тутамдаа эдэлж хэрэглэж байсан домбо гүц, эсгий урлалын бүтээлүүд, Монгол үндэсний хэв загварын хувцас, гоёл чимэглэлүүд, зэс болон мөнгөн аяга, хээ угалзтай авдар зэрэг түүх соёлын дурсгал болох 200 орчим соёлын бүтээгдэхүүнүүд дэлгэгдсэн юм.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 2021 оныг “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ БҮТЭЭЛЧ ЭДИЙН ЗАСГИЙН ОЛОН УЛСЫН ЖИЛ” хэмээн зарласан. Энэ хугацаанд цар тахлын улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд байлаа.
Дэлхий даяараа цар тахлын дараах хэвийн амьдралд шилжиж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ цаг үетэй хөл нийлүүлэн Монгол Улсын Засгийн газар ч гэсэн ч эдийн засгаа сэргээх бодлого баримталж, салбар бүрийн үйл ажиллагааг үе шаттай сэргээж байгаа.
Соёлын яам мөн улсын хэмжээнд соёлын үйлчилгээг нээж, салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх нэн тэргүүний бодлого баримталж байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг дуусгаж, бүтээлч үйлдвэрлэл гэж юу болохыг таниулах, урлаг, уран бүтээлчид болон үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийг дэмжих зорилготой СОЁЛЫН БҮТЭЭЛЧ сарын аяныг санаачлан эхлүүлээд байна.
Аяны хүрээнд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран СОЁЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН-ийг зохион байгуулж асуудал шийдлээ ярилцсан бол өнөөдөр бид соёлын бүтээгдэхүүн гэж юу байдгийг, бүтээлч үйлдвэрлэл хэрхэн бий болсныг өөрсдөө үзэж байна.
Өөрөөр хэлбэл, бид шавхагдашгүй оюун ухааны арвин их нөөцтэй, өв соёлтой. Уг нөөцийг үе уламжлан хадгалж оюун ухааны өв болгон өргөн түмэндээ хүртээж, цаашлаад олон улсад үнэ цэнийг илэрхийлж чадахуйц ураар баяжуулсан бүтээгдэхүүнийг ЖДҮ эрхлэгчид үйлдвэрлэдэг болохыг бид өнөөдөр бэлхнээ харж болно" гэдгийг онцолсон юм.