НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
“Алтайн магтаал” болон “Аргил цагаан өвгөн” туулийг хайллаа
"Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайлах, “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо.
Хүндэтгэлийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, туульсыг залсны дараа Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнийн Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч, МУСГЗ Авирмэдийн Балдандорж нар “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайллаа.
Үүний дараа 3,800 орчим мөр шүлэгтэй “Аргил цагаан өвгөн” туулийг хайлж эхлэв. “Аргил цагаан өвгөн” тууль нь сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. “Аргил цагаан өвгөн” туулийг өглөөний 11:40 цагт хайлж эхлэн 18:30 цагт жаргаана.
Ёслолын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Д.Бум-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам, Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, судлаач Др. Ж.Энэбиш, Ж.Төгсжаргал зэрэг судлаачдын төлөөлөл байлцав.