Н.Алтанхуяг: Монголын төр 2-3 дарангуйлагчийн гарт орчихлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын ажлын хэсэг  төрийн байгууллагын зарим ажилтан хууль зөрчсөн эсэх асуудлаар гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах талаар үг хэлсэн юм.

Тэрбээр "Өнгөрсөн хавар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Хууль зүй байнгын хорооны дарга хэлэлцэх асуудалд оруулахыг зөвшөөрсөн ч ажил хэрэг болохгүй юм. Үндсэн хуульд зааснаар "Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үүднээс нам олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам олон нийтийн бус байгууллагууд хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэг нам олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглоно" гэж заасан. Гэтэл Монголын төр хоёр дахь намаараа тоглож байна. МАНАН бүр болохоо байлаа. Монголд шударга ёс гэж алга. Мөнгөтэй хүмүүсийн тоглоом Монголын улс төр болжээ. Хууль, шүүхийн байгууллага АН-ыг яаж самарч байгааг ярьмаар байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал. Ардчилсан Намаар ингэж тоглож байгаа юм чинь Монголд хууль байхгүй болжээ. Хэлэлцэх асуудалд оруулахаар юу нь болохгүй байгаа юм бэ?. УИХ-ын дарга Л.Занданшатарын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Та нар юу нуугаад байгаа юм. Олон нийтэд ил ярих зүйл надад олон байна. Монголын төр 2-3 дарангуйлагчийн гарт орчихлоо" гэв.