Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж өгөв

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Гадаад хэргийн дэд сайд В.Такевт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардууллаа.

Уулзалтын үеэр талууд хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Л.Саянаа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн турш амжилттай хөгжиж ирснийг цохон тэмдэглээд харилцан сонирхсон салбарын тухайлбал, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хөдөө аж ахуйн чиглэлийн хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд В.Такев Болгар Улсын Ази дахь чухал түнш Монгол Улстай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлж, ашиглагдаагүй нөөц бололцоо арвин байгааг цохон тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд дэд сайд В.Такев Элчин сайд Л.Саянаад ажлын амжилт хүсэж, Болгар Улсын Гадаад хэргийн яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа нотлов.