НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Монголд кино зураг авалт хийхэд 2 сая орчим ам.доллар зарцуулах тооцоо гарчээ
Соёлын сайд Ч.Номин Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзлаа. Хатагтай Элчин сайд өөрийн улсын “Mozgo Mozi” компанийн продюсер Корнел Сипоштой хамт ирсэн бөгөөд Монгол Улсад кино зураг авалт хийх асуудлаар Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, ярилцжээ.
Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсанаар гадаадын кино уран бүтээлчид хөнгөлөлттэй виз мэдүүлэх, Монгол Улсад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах боломжтой болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм.
Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй, Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан, монгол уран бүтээлчдийг оролцуулсан, соёл өв уламжлалыг олон улсад эергээр сурталчлан таниулсан бол кино бүтээгчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох юм.
Иймд, Унгар улсын тал манай улсад кино зураг авалтынхаа зарим хэсгийг хийх саналтай байгаа бөгөөд Унгарын Үндэсний кино урлагийн хүрээлэн Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төсөлд 3.3 сая орчим ам.долларын санхүүжилтийг хэдийн шийдвэрлэсэн байна. Энэ кино төсөл нь нийт 7.5 сая ам.долларын төсөвтэйгөөс Унгарын тал 4.5 сая ам.доллартой тэнцэх санхүүжилтийг гаргаж байгаа бөгөөд энэ нь манай хоёр улсын соёлын салбарын хамгийн том хамтын ажиллагаа болох юм.
Унгарын кино баг ирэх оны хавар Монголын нутаг дэвсгэрт кино зураг авалтаа хийхээр төлөвлөж, 2 сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулагдах тооцоо гарчээ.
Уулзалтын үеэр дээрх кино төслөөс гадна Монгол Улсын Соёлын яам Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон байна.