С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Боомтын нэн шинэ "ОН ТООЛОЛ"-ыг эхлүүлэх таамаг бас хүлээлт
Түрүүч нь http://uzeg.info/i/6982
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ирэх сарын эхээр Монголд албан ёсны айлчлал хийх товтой. Хоёр өдөр үргэлжлэх айлчлалын хүрээнд Эрдэнэбүрэнгийн болон Багануурын цахилгаан станцын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх мэдээлэл бий. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй холбоотой асуудлыг өмнөх нийтлэлдээ тодорхой дурдсан учраас Ван И сайдын айлчлалын "богц"-нд өөр юу багтаж буйг энэ удаад таамаглах гээд үзье.
Сүүлийн дөрвөн жилийн циклээс харвал БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад гурав дахь удаагаа айлчлах гэж байна. Тэрбээр 2018, 2020 онд ирж байсан бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн жил БНХАУ-ыг зорьж, сайд Ван Итэй хоёр улсын түншлэлийг бэхжүүлэх хэлэлцээрийг хийж байв. Үүний дараа буюу энэ оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, хэд хэдэн тохиролцоонд хүрсэн юм. Он цагийн дарааллаас харвал ганцхан жилийн хугацаанд хоёр улсын дипломат харилцаанд том үсрэлт хийсэн гэсэн үг. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын ээлжит айлчлал гэнэтийн, гайхаж бэргэх шалтгаан биш гэдгийг эндээс төвөггүйхэн харж болно. Эсрэгээрээ зургаан сарын өмнө хоёр улсын Ерөнхий сайд нар өөр хоорондоо тохиролцсон хэлэлцээрийг албажуулах нь Ван И сайдын гол зорилго байх нь дамжиггүй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалын араас урд хөршийн тэргүүн дипломатч Монголыг зүгээр ч нэг онцолж зорихгүй.
Учир нь, Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон нь Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын гол агуулга байв. 2008 оноос гэж тооцвол 14 жилийн хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан ийн эцэслэгдсэнээр нүүрсний экспорт гацаанаас гарсан юм. Эдгээр боомт болон Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарахаа ч Ерөнхий сайд мэдэгдсэн нь үүнээс улбаатай. Үүгээр зогсохгүй хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх санал тавьснаас даруй зургаан сар өнгөрөөд байна. Өөрөөр хэлбэл, урд хөршид хийсэн хэлэлцээрийг албажуулж, амь оруулах Монголын Засгийн газар, Ерөнхий сайдын амбийц Ван И сайдын айлчлалын хүрээнд илүү тодорхой болох магадлал нь өндөр. Ингэхдээ хилийн боомтын нэн шинэ "ОН ТООЛОЛ"-ыг эхлүүлэх таамаг бас хүлээлт хэдийнэ үүсчээ.
Монгол Улс төдийгөөс өдий хүртэл ачаа тээвэр, нүүрс, зэс, бараа бүтээгдэхүүний экспорт, импортоо хоёрхон гарцаар дамжуулан хийдэг байлаа. Байлаа гэж одоо ч байна. Хойшоо Алтанбулаг, урагшаа Замын-Үүд. Авчиг эдгээр боомтоор дамжуулан хэтийн хөгжлөө тодорхойлох ямар ч боломжгүй гэдгийг хоёрхон жилийн хугацаанд өрнөсөн "Ковид-19"-ийн цар тахлаас хангалттай мэдрүүллээ, бидэнд. Ядаж л зэс, нүүрсний талаас дээш хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомтод тэг зогсолт хийх төдийд улсын төсөв татарч, валютын ханшийн хөөрөгдөл агсан морь шиг алдуурдгийг эдийн засгийн үзүүлэлт, инфляцийн өсөлт хангалттай харуулна. Ийм байдалд дахиж орохгүйн тулд эсрэгээрээ ойрын хоёроос гурван жилийн хугацаанд эдийн засгаа тэлэх, зэс, нүүрсний экспортоо хүссэн хэмжээнд хүргэх энэ Засгийн зорилт нь Боомтын сэргэлт. Энэ ажлын хүрээнд Ширээхүрэн, Гашуунсухайт, Ханги гэсэн гурван боомтыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаад талдаа Далайн хөв, Баяннуур, Бугат гэсэн гурван хот шууд холбогдох эдгээр боомтын эдийн засгийн үр нөлөө их.
Жишээ нь, өнгөрсөн гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 км төмөр зам гэхэд Өвөрмонголын хамгийн том хот Бугаттай шууд холбогдоно. Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлийн тээвэрлэлтийг 318 км-ээр дөт болгох давуу талтай. Ханги-Мандалын боомтоор зөвхөн төмрийн хүдэр, нүүрсийг задгайгаар тээвэрлэж байсныг энэ оны эхээр чингэлэг болгоод буй.
Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүллээ. Хэдийгээр туршилтын тээврийг явуулж буй ч нэг удаад 64 тн нүүрс тээвэрлэх уг технологи бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл Гашуунсухайт боомтын экспорт 10 сая тн-оор нэмэгдэх юм. Дотоодын компаниуд нэгдэж, нягтраад Шивээхүрэн-Сэхээ боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах товтой терминалыг нэвтрүүлснээр Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж, жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломжтой. Монгол Улсын нүүрсний экспорт зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор хязгаарлагдахгүй гэсэн үг.
Үндсэндээ Монгол Улс, Монголын Засгийн газрын тугаа болгосон "Шинэ сэргэлтийн бодлого"-ын тулах цэг, түших багана болсон Боомтын сэргэлтийн гол хөшүүрэг Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги гэсэн гурван нэн шинэ гарцыг албан ёсоор зарлах нь цаг хугацааны л асуудал болжээ. Одоо бидэнд ганц асуудал үлдсэн нь эдгээр боомт бүрэн хүчин чадлаараа ажиллаж гэмээн ямар нэгэн хаалт, хориггүйгээр хилийн "хаалга"-аа нээх, хэвийн горимоор харилцан экспорт, импорт хийх тохиролцоог Хятадын талаас албан ёсоор баталгаажуулах ёстой. Магадгүй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын гол "хөзөр" нь энэ ч байж мэднэ. Гэхдээ л ОХУ-ын Гадаад харилцааны сайдтай ганцаарчилсан уулзалт хийх үеэрээ АИ-92 бензинийн үнийг он дуустал 840 доллароор авахаар тохиролцсон шигээ байж чадвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хангалттай боломж харагдаад байгаа юм.
С.Гандөл