Түр хүлээ! Т.Батхүү ах явж байна

“Ажил хүнийг голдгоос хүн ажлыг голдоггүй гэж үг бий. Чин сэтгэлээсээ хандвал хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг юм” хэмээн хуучлах түүнийг монголчууд эчнээ танина. Т.Батхүү үүрийн таван жингээр эртлэн босч ажлынхаа зүг яаран явдаг.  Олон улсын худалдааны төв хэмээн нэрийддэг “Нарантуул” зах түүний ажлын байр. Тэрбээр ажил, амьдралаа холбоод арав гаруй жил болжээ. Халуунд халж, хүйтэнд хөрж жилийн дөрвөн улиралтай золгохын хажуугаар “Хүн тэрэг” жолоодож яваа түүнийг тэсвэр тэвчээртэй гэхээс өөр аргагүй. Олон өнгө алаглах амьдралын хуудсанд бийрээ барьж, зургаа зурж яваа түүнийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” буландаа онцолсон юм.


Т.Батхүү Сүхбаатар аймгийн харьяат. Хүүхэд насаа хөдөөгийн буйдхан талд эгэл бор амьдрал дунд өнгөрүүлжээ. Түүнийг бага ахуй цагт эцэг, эх нь манаачийн ажил хийдэг байсан гэнэ. Даруу төлөв зантай бусдад үргэлж, тусалж, инээмсэглэж явдаг хүүд хүмүүс нутгийн олон элгэмсэг ханддаг байжээ.

Хажуугаар нь Т.Батхүү ч хичээлдээ сайн байсан гэдэг. Гэвч түүнийг наймдугаар анги төгсөхөд Налайхын МСҮТ-д суралцуулах шийвэр гаргасан байна. Эцэг, эхийн үг, шийдвэр “хууль” учраас Т.Батхүүд өөрийнхөөрөө явах сонголт байсангүй. Тэрбээр гэр бүлийнхээ гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч замын унаанд дайгдан их хөлийн газар иржээ. Энэ талаар “Хөдөөнөөс замын унаанд дайгдаад ирж байлаа. Манай хамаатны Нэргүй ах намайг МСҮТ-д бүртгүүлж өгчихөөд дотуур байранд үлдээгээд яваад өгсөн. Тухайн үед сарын 180 төгрөгийн тэтгэлэг авдаг байлаа. Эхний гурван сар дотуур байрандаа амьдарч байгаад ангийнхаа хүүхдүүдийг сарын 100 төгрөгөөр амьдарч эхэлсэн дээ” гэв.

Түүнийг хүнд даацын машины жолоочоор хоёр жил гаруй суралцаж байхад гэнэт цэрэгт татсанаар Дорнодын хилийн цэргийн ангид алба хаахаар болсон байна. “Эр хүн эх орон дуудсан цагт бэлэн байх хэрэгтэй гээд л явсан даа. Аав ээж хоёр хөдөө байсан. Намайг цэрэгт явахад гаргаж, ирэхэд тосч авсан хүн байгаагүй. Харин ангийн багш маань халаас дүүрэн 24-ийн чихэр өгч билээ. Цэргийн анги дэг журамтай. Хал цэргүүдээсээ хааяа нэг шанаа хүртдэг л байсан. Тэглээ гээд гонгинож, хэл ам таталдаггүй байлаа. Харин ч цэргийн албанд яваад тэсвэр хатуужил гээд олон юм сурч авсан даа. Халагдаж ирээд үргэлжлүүлэн сурах гэтэл сургаагүй. Цэрэгт яваад ирсэн болохоор ч тэрүү шууд төгсгөсөн. Нутаг буцаж, аймгийнхаа сургуулийн уурын зууханд галчаар ажилласан. Ажилд ороод удаагүй ч анх 500 төгрөгийн цалин авч байсан. Тухайн үед мөнгөний ханш чанга байлаа” гэв.

Зургаан жил хөдөө ажилласан түүнийг найз нь “Наанаа галч хийж байхаар хотод ирж, мужаанаар сур” гэсэн санал тавьжээ. Саналыг нь хүлээн авч, их хотыг дахин зорьсноор эхнэртэйгээ танилцаж, амьдрал зохиох эхлэлийг тавьсан талаараа дурсан ярив. Хөдөөнөөс мужаан болохоор ирсэн тэрбээр нэг жил МСҮТ-ийн тусгай сургалтад суужээ. “Мужааны сургалтад сууж байхдаа ханьтайгаа танилцаж, хатын амьдралаа эхлүүлсэн. Төгсөөд жил хотод ажилласан. Мужаанаас эхлээд нүүрс хүртэл зөөж явлаа. Улиастайд 5000 төгрөгийн өрөө түрээсэлж амьдарч эхэлсэн. Би тийм ч дардан замаар амьдраагүй ээ. Амгалангаас Улиастай хүртэл шуудай нүүрс үүрээд гэртээ харьдаг байлаа. Тухайн үед хадам ээж Сэлэнгээс ирээд “Т.Батхүү минь та хоёр ингэж амьдрахгүй. Намайг дагаад яв” гэсэн. Бид хоёр ч ээжийн үгнээс гараагүй. Дагаж яваад хадмын хаяаг хэсэг хугацаанд түшсэн дээ” гэлээ.

Тэрбээр 1997 онд  Сэлэнгэ аймагт хадмынхаа хашаанд амьдарч эхэлжээ. “Сэлэнгийнхэн сэргэлэн хөдөлмөрч хүмүүс. Түүнийг анх очиход хашаа нь цэмцгэр, төрөл бүрийн ногоо тарьчихсан, гишгэх газар байгаагүйг дурсаж байгаагаас нь харсан” хэмээх түүний дурсамж сэтгэлд нь тодхон үлджээ. Хадмынхаа хашаанд байрлах жижигхэн “Пэн”-д амьдарч, хөрөө рам ажиллуулж, амьдрал ахуйгаа залгуулж байсан гэнэ.

Жаргал зовлон ээлжлэн эргэддэг хүмүүний орчлонд үр хүүхдээ өлгийдөн авах нь амьдралын “амттай агшин”. Т.Батхүү 1999 онд аав болж, үрийн зулай үнэрлэжээ. Баяр хөөр, догдлол дүүрэн сэтгэлээр ханьдаа баглаа цэцэг барин очиход “Энэ цэцгийг эмчид өгөх юм уу” гэж асуусан гэж эхнэрээ шоолж, мөнхүү чин сэтгэлээрээ тэрбээр хэлжээ. Аав гэх эрхэм алдрыг хариуцлагатай нь хамт авчирсан охин өдгөө Анаагах ухааны их сургуульд суралцаж байна.

Хадмынхаа хаяанд хэсэг амьдарсан Т.Батхүү хотод ирэхээс аргагүй болов. Ажлыг гололгүй хийдэг нь түүнийг түшиж. 2006 онд Нарантуул захад тэрэг түрэгчээр “ажил”-д орсон Т.Батхүү өнөөг хүртэл тууштай ажиллаж байна.“Ажилд авна гэсэн зарын дагуу “Тосон торго”-д бараа дэлгэгчээр зургаан сар ажилласан. Таньдаг дүү маань “Миний тэргийг түрэхэд та сардаа 100 мянган төгрөг олох боломжтой” гэсэн санал тавьсан. Тэр үеэс л тэрэг түрж эхэлсэн. 10 гаруй жил тэрэг түрж байна” гэлээ. Т.Батхүү ахыг харахад ажилдаа тууштай нэгэн бололтой. Цаанаас гэлтгүй хаа нэгтэйгээс “Ахаа” гэх бүрт гүйгээд очно. Өргөж, туслаад л явуулна.

Цастай, бороотой, нартай, салхитай 13 жилийн турш тэрэг түрж, хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөж яваа түүний ажил үүрийн буюу 05:00 цагт эхэлдгийг дээр өгүүлсэн. Ажлаа сэтгэлээсээ хийдэг болоод ч тэр үү наймаачид түүнд түлхүүрээ өгнө. Итгэж байгаа нь тэр. Ургахын улаан нартай уралдан чингэлэгээс чадахаараа зөөж, наймаачдын лангуунд хүргэх нь түүний үүрэг. Тэргэн дээрээ нэг бүрчлэн ачиж, наймаачдын лангуу руу хүргэж өгнө. 20 гаруй лангууны бараа зөөдөг учир хугацаа шаардана. Харахад амархан ч хийхэд тун хэцүү ажил гэмээр. Их хэмжээний бараа ачдаг учир тэрэг эрчээрээ явахаас эхлээд элдэв асуудал тулгарах нь энүүхэнд.

“Холдоорой, холдоорой” гэж хоолойгоо сөөтөл орилж, хүн дайрчих вий гэж хараагаа хүртэл давхар ажиллуулна. Ийн зөөсөөр үдшийн 11.00 цагийн үед бүх лангууны барааг зөөж дуусгана. Энэ үед амьсгаа “авах” эрхтэй болно. Гэрийн зүг явна. Үүрээр босдог учраас хариад хэсэг унтаж амарна. 17.00 цагийн үед буцаад л зах руу явна. Өглөө гаргасан бараагаа тэргэнд ачин нааш, цааш зөөсөөр чингэлэгт хийнэ. Өвөл, зуны улиралд ажиллах цагийн хуваарь өөр. Төрийн албан хаагч цагт баригддагтай адил тэр ч бас тэр цагийн хуваарийг дагаж мөрдөнө.

13 жилийн турш тэрэг түрсэн тэрбээр “2006 онд одоогийн “Шөнийн зах”-ын тэндээс бараагаа зөөдөг байлаа. Шороон замаар зөөдөг байсан болохоор хэцүү байлаа. Одоо засмал замаар зөөдөг болсон ажил арай хөнгөвчилж өгсөн. Түрж яваа тэргэндээ даруулаад хөл, гараа хугалсан хүмүүс бий. Өвөл тэрэг түрэхэд хэцүү байдаг. Тэрэг их хүнд санагддаг. Ганцаараа түрэхээр хөдөлгөж чадахгүй. Дор хаяж гурвуулаа түрнэ. Одоо ч нас яваад чадалгүй болж байна. Өнгөрдөг өвөл эхнэр маань тусалсан. Зун болоод сургууль амарчихсан болохоор бага охиноо өглөө дагуулаад явна. Аавдаа туслаад тэрэгний араас түрээд өгдөг юм” гэв.

Нарантуул захад тэрэг түрж амьдралаа залгуулдаг олон хүн бий. Тэдний нэг төлөөлөл нь Т.Батхүү. Гурван дугуйт, дөрвөн дугуйтай том жижиг, ачааны энгийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн зөөдөг олон янзын тэрэг байдаг. Түрдэг тэрэг бол дөрвөн дугуйтай том тэрэг. Нэг тэргэнд 500 кг-аас тонн хүртэл ачаа ачдаг байна. Тэрбээр 20 гаруй лангууны ачааг зөөцдөг. “Өдөртөө 40 орчим мянган төгрөг олно. Ганцаараа ажилладаг учраас олсон орлого маань амьдралд төдийлөн сайн хүрэлцэхгүй болоод байна. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай холбоотой байх” гэв.

Тэрэгчин Т.Батхүү машин авчээ. Тэрбээр “Өвөл нь машинаараа, зун нь мопид унаж ажилдаа явна. Эрүүл энх байхад бүх зүйл болж, бүтдэг. Өвчтэй хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй эмзэглэдэг юм. Мөнгөгүй хүн өвдөх нь хүртэл хэцүү. Өвдөх ч эрхгүй нийгэмд амьдраад байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах хэрэгтэй. Ажлыг голж болохгүй. Ер нь хүн үр хүүхэд, ханийхаа төлөө зүтгэдэг юм билээ. Надад шантарч, ядрах эрх байхгүй.” Гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Өдгөө тэрбээр өөрийн гэсэн орох оронтой, унах унаатай болжээ. Бид түүнийг 25 дугаар телевизийн “21 мянга” реалити шоуны ялагчаар төсөөлдөг ч өөрийнхөө төлөө бус, ардаа байгаа хүний төлөө хэрхэн амьдарч болдгийг харуулсан нэгэн сайхан гүндүүгүй Монгол эрийн тухай бичсэн нь энэ байв.

 

                                                                                                    С.Ичинхорлоо