С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ээдрээ энэ хүрээд өндөрлөх үү...?
Монголын улс төрд игзаар хүрэм үйл явдал олон. Тэр бүгд нь загасны ой санамж бүхий хязгаартай. Өчигдөрхөн нэгнийгээ заналтайгаар түгжилдэж явсан зарим нь өнөөдөр гар барьж, маргаашийнхаа эрх ашгийг гүйцэлдүүлэхээр тэврэлддэг нь улстөрчдийн өөрсдийнх нь тогтоосон жишиг, бараг соёл нь. Хамгийн энгийн жишээ нь Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг. Сонгуулийн цикл бүрээр сэдэрдэг, тагнуул, цагдаа, прокурорын байгууллагын даргын суудлаар хэмжигддэг, Ерөнхийлөгчийн энд дүйх хэмжээний улс төрийн нөлөөлөлтэй эл хэргийг шүүхээр дэнсэлсэн нь 2016 он. Цагдаа, тангуул төдийгүй УИХ-аас хүртэл Ажлын хэсэг байгуулж асан 1998 оноос хөөж үзвэл 12 Засгийн газар, гурван Ерөнхийлөгч, таван парламентын бүрэн эрхийн хугацаа буюу 18 жилийн дараа мухарласан нь энэ. Тагнуул, цагдаагийн удирдлагууд ч тэр хэрээр өөрчлөгдөж, хамтарсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд салхи оруул ирсэн түүхтэй.
Гэвч гурван шатны шүүхээс ял ногдуулсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр тагнуулын дарга асан, хошууч генерал Б.Хурц нар өөрсдөө яллагдагчаар татагдаж, бүр хорих ял сонссон нь “Зориг” хэмээх мөлжүүртэй хэрнээ эргэлзээтэй сэдвийг улам ээдрээтэй болгож орхисон нь 2021 он. Сонирхолтой нь, сонгуулийн өмнө сэдэрдэг гэмтэй эл хэрэг энэ цаг үед өндөрлөж мэдэх нөхцөл байдал руу шилжиж мэдэх нь. Өмнө нь зөвхөн Хуулийн сайдын түвшинд, тэгэхдээ улстөрч Ц.Нямдоржийн амнаас, тагнуулын дарга асан Б.Хурцын байр сууриар илэрхийлдэг байсан нь түүнээсээ хальж, Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын асуудал болж томорсон нь эдгээр өдрийн анхаарлын төвд байна уу? гэвэл тийм.
Өнгөрсөн үеийн хамгийн том, тод гол дүр нь Ц.Элбэгдорж явсан бол өнөөдөр тэрхүү орон зайд нь Л.Оюун-Эрдэнэ таанц эргэж буй. Эргэх ч гэж дээ, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажил нь тэгж харагдуулах шалтгаан. Гагцхүү Ерөнхий сайдын ярилцлагын нэвтрүүлгийн үеэр хэлсэн үг, түүнд нь эгдүүцсэн Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчийн эгдүүцлээс 26 жилийн турш үргэлжилсэн хэргийн ээдрээ энэ хүрээд өндөрлөх үү? гэдэг асуулт тавихад хүргэж эхэллээ.
“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг тойрсон олон асуудал анхаарлын тэмдэгтэй хөвөрч буй нь үнэн ч Төрийн тамга солилцохдоо “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй” хэмээн шинэ Ерөнхийлөгчид дайсан захиас бодитой эсэх нь асуултын тэмдэг хэвээр байна. Иргэн Ц.Элбэгдоржийн зүгээс энэ асуудлаар тоймтой, тодорхой хариулт хэлээгүй ч экс Ерөнхийлөгч Х.Баттулга юу ярих нь мэдээж сонирхолтой. Хоёр чихээрээ сонссон нь үнэн л юм бол үүнийг батлах хамгийн том хүн нь тэр. Гол нь, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн үйл явц шүүхийн шатанд байснаас бусдаар улс төр талаасаа бараг хөндөгдөөгүй. Нэр бүхий УИХ-ын гишүүд л тусдаа, тусгайлан сэдэв болгон ярьж, зарим бичлэгийг олон нийтэд нээлттэй үзүүлж, Б.Хурц нар бусдыг эрүүдэн шүүсэн асуудлаар яллагдагчаар татагдсанаас өөрөөр хэрэгт хамаарах шинээр илэрсэн нөхцөл байдлыг шүүхийнхэн өөрсдөдөө халгаагаагүй.
Харин 2020 оны парламентын шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй зэрэгцэн Б.Хурц нарт шүүхээс ял ногдуулсан нь тухайн цаг үеийнхээ гол дуулиан байв. Үндсэндээ Б.Хурц нар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж үзэж, хорих ял ногдуулсан билээ. Ц.Элбэгдоржийн үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлж, холбогдох хүмүүст ял ногдуулсан нь энэ бол эсрэгээрээ Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь бараг бүхэлдээ ял сонссон нь мэдээж сонирхолтой сэжүүр, бас нэгэн зангилаа. Араас нь Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан бол Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухаасаа урьтаж гаргасан зарлигийн дагуу мөн л суллагдсан хүн нь Б.Хурц.
Хэрэгт холбогдогчийг илрүүлсэн нь, шүүхээр шийдвэрлэсэн нь, шинээр нөхцөл байдал илэрсэн нь, Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн зэргээр хуанлийн хуудаст үлдсэн он дарааллаар хөөвөл “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй” гэсэн Ц.Элбэгдоржийн захиас бодитой байж мэдэх магадлал нь өндөр юм. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын хуралдаанаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан нь анхаарал татаж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хороо, ХЭҮК, прокурор, тагнуул, цагдаагийн байгууллагаас багтсан нь жирийн нэг Ажлын хэсэг биш гэдэг нь ойлгомжтой байгаа юм.
Ганц асуудал бий нь, энэ хэрэг үнэхээр улс төрийн зорилготой юу?, тийм бол захиалагч нь хэн бэ?, түүнийг нь хэзээ зарлах вэ? гэдэг нь шууд утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс бүрэн хамаарах цаг хугацааны л асуудал болж байна. Магад 26 жил үргэлжилсэн эл хэрэгт нэгмөсөн цэг хатгах хүн нь ч байж мэднэ. Хэргийн тухай хамгийн сайн мэдээлэл дунд байгаа болохоор л ингэж том дуугарч, Ажлын хэсэг хүртэл байгуулж чадах ганц хүн нь өнөөдөртөө тэр гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой учраас!
Г.Эрхэс