Н.Энхбаярын мөрөөр орсон Б.Энхбаяр

Баабар хэлдэг л юм, “М.Энхболд газрын наймаа хийсэн гэж яриад байдаг, үнэндээ түүнд мэдэл байгаагүй. Н.Энхбаяр зохицуулж эцсийн шийдвэр гаргадаг байсан юм шүү дээ” гэж. Ортой л үг, ханатай л тайлбар. 2000 оны сонгуульд удирдан оролцсон нам нь парламентад үнэмлэхүй олонхи болоход дүрэм ёсоор Ерөнхий сайд болсон Н.Энхбаярын танхим Газрын тухай хуулийг боловсруулж, өргөн барьж байв. Парламентад 72 суудалтай Намын төдийгүй Ерөнхий сайдын санал гэдэг хууль тогтоох төвшинд “ногоон гэрэл”-ээр явах нь ойлгомжтой. Яг ийм зарчмаар С.Төмөр-Очир даргатай парламент 2002 оны зургаадугаар сард баталж, 2003 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр ёсчилж байлаа.

Хуулийн хүрээнд иргэн бүр газраа өмчилж, тэр хэрээр энэ салбар эдийн засгийн засгийн эргэлтэд орж эхэлсэн юм. Намын даргаас УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн сэнтийд дундаа ямар нэгэн завсарлагагүй заларсан нь Н.Энхбаярын цор ганц амжилт, түүнийг тойрсон олон таагүй сэтгэгдлэл улс төр, нийгмийн хүрээлэлд одоо ч хөвөрдөг. Тэглээ гээд нэг хүний түүхэнд гүйцэтгэх үүрэг Н.Энхбаярт тохиосон нь газрыг хувьчилсан явдал байв. Үүнтэй хэн ч маргахгүй, хусаад арилахгүй үнэн.

Гэвч газрыг хувьчилж, эдийн засгийн эргэлтэд оруулсан тухайн цаг үеэс авлига цэцэглэж, хувьсан өөрчлөгдсөөр мафийн хэмжээнд очсон тухай эзэн биегүй хардлага, шүүмжлэл саяхныг хүртэл явдаг байлаа. Хуулийн хэрэгжилтийн оргил үе болох 2003-2006 онд оролцсон хүн нь тухайн үеийн хотын мээр М.Энхболд болоод ч тэр үү? нийслэлийн газрыг ханцуйндаа наймаалцсан гэх яриа түүний намтрын нэгээхэн хэсэг болтол нь "шигтгэсэн" байдаг юм. Гэхдээ М.Энхболд нийслэлийн Засаг дарга байхдаа хэзээ, хэнд, ямар захирамжийг үндэслэж газар олгосон талаарх мэдээлэл бүрхэг, бараг байхгүй нь эртнээс тогтсон энэ ойлголтыг намжаах нэг үндэслэл. “М.Энхболд эрх мэдэл байгаагүй, Н.Энхбаяр зохицуулж, эцсийн шийдвэр гаргадаг байсан” гэж Баабарын хэлсэн ч эндээс улбаатай. Тийм ч байж мэднэ.

МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хэрхэн ойлголцох бол? |  Sonin.MN

Сонирхолтой нь, Ерөнхий сайд асан Н.Энхбаярын үед гаргасан шийдвэр, эцэстээ авлигын том сүлжээ, мафи бий болсон гэх олон жилийн хардлага бодитой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн нь анхаарал татах шалтгаан болж байлаа. Тэрбээр “Зарим хүн Улаанбаатар хотын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан. Түүнийгээ зарж байдаг том авлигын сүлжээ байна. Энэ сүлжээ нь илэрчих гээд байдаг юм уу мэдээллийг нь оруулахгүй байна” гэдгийг Хуулийн сайд Х.Нямбаатарын амыг асуусан нь олон хүнд АСУУЛТЫН ТЭМДЭГ үлдээсэн.

Уг нь Бүртгэлийн багц хуулийг УИХ-аар жил дамнан хэлэлцүүлж, баталсан нь 2017 он. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхдаа гардан боловсруулж, ард нь гарсан томоохон төслийн нэг нь яах аргагүй Бүртгэлийн багц хууль. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэн, хуулийн этгээдэд холбогдох бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгосон юм. Энэ хэрээр улстөрч, бизнесмэнүүдийн хувь эзэмшлийн компани, ТББ-ууд гэрэл цохьсон. Олон ч хүн дургүйцсэн. Тэгсэн мөртлөө сая гаруй иргэн болон хуулийн этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийн мэдээлэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хаалттай хэвээр үлдсэн юм. Хуулиараа, тэнд тусгасан заалтаараа нээлттэй байх асуудал.

Гэвч нийслэлийн Газрын албаны зүгээс холбогдох мэдээллийг тус санд оруулахгүй өнөөдрийг хүрсэн гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэлнэ лээ. Түүнийхээр Засгийн газар, Хуулийн яам нь шахаж, шаардсаар ирсэн ч асуудал газрын албанд ирээд гацаж, бугшсаар өдийг хүрчээ. Угтаа бол Засгийн газар, Хуулийн яамнаас давсан газрын алба гэж үгүй. Гэтэл хүчин төгөлдөр мөрдөж эхлээд дөрвөн жилийг үдсэн Бүртгэлийн багц хуулийг хэрэгжүүлэхгүй байх ямар ашиг сонирхол Газрын албаныханд нуугдаж байгаа нь жигтэй. Өмгөөлж, хаацайлах ар тал, хав дарах шалтгаан бий болоод л хуулийн хэрэгжилтийг мөрдөхгүй, Засгийн газраасаа давж, том толгой гаргадаг, гаргасан байж таарна.

Ийнхүү Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхдаа цэцэглүүлж, мафи болтол нь өргөжүүлсэн гэх газар тойрсон авлигын сүлжээний мөрөөр Б.Энхбаяр гишүүн хууль тогтоогчийн хувиар орох нь. Баабарын хэлж байсан шиг газрын наймааг Н.Энхбаяр зохицуулж асан нь үнэн л юм бол шүү дээ. “Хуулийн хулгайтай тэмцэх”-ээ илэрхийлсэн нь Б.Энхбаяр гишүүний имиж, УИХ-д сонсогдсон шалтгаан. Харин уг зарчим, амлалт нь газрын албаны мафи ханз үсэргэх үү? гэдгийг харах л үлдэж байна. Хотын А зэрэглэлийн бүсэд хэн эзэн суучихаад, панз үсэргэж суудгийг нийтээрээ харах нь, ил болгох нь өөрөө хамгийн том асуудал, түүнийг тойрсон эргэлзээг тайлах учиртай.

Учир нь, Б.Энхбаяр нарын гишүүдийн зүгээс өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна. 

Газрын багц хуулийн өөрчлөлтөөр:

-Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэхгүй.

-Нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгоно.

-Газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлана.

-Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатай болохыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны газартай давхардуулан олгохыг хязгаарлана.

-Төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог байдлыг хязгаарлахаар заажээ.

 

С.Гандөл