М.Оюунчимэг: Үлдэгдэл мөнгөө авч чадах юм уу, үгүй юм уу?

УИХ-ын Ниймгийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг хийлээ. Энэ үеэр Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулах үеэр эрсдэлтэй арилжааны хоёр банканд байршуулсан мөнгийг татан авах санал гарсан юм.

Тодруулбал, "Аудитын дүгнэлтэд төлбөрийн чадвар буурсан нэр бүхий хоёр банканд ЭМДС, НДС-гийн нийт 161.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байршуулсан нь төлбөр барагдуулах, зарлагын гүйлгээ, гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтүүд хийгдээгүй, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, хүүгийн орлого олох боломж алдагдаж, байршуулсан мөнгө хөрөнгөд эрсдэл үүсч байна гэж дүгнэсэн байна. Энэнд илүү тодруулж асуумаар байна. Яг ямар хоёр банканд асуудал байна?" гэдгийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодруулсан юм.

Хариуд нь Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг "Төлбөрийн чадвар буурсан хоёр нэр бүхийн арилжааны банканд байршуулсан мөнгө ирээдүйд бүрэн дүүрэн орж ирэх учиртай тул тайлан тооцоо, аудитад тусгаж, зөвлөмж өгсөн. Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банканд байгаа мөнгөө нэхэмжлэн шүүхийн байгууллагад хандсан. Нэхэмжлэлийн дагуу ЭМДС, НДС-гийн мөнгийг буцаан авах талаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн ЭМЯ болон Сангийн яам руу албан тоот хүргүүлсэн" гэдгийг хэллээ.

Харин "Эрсдэлд ороод байгаа Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас НДС болон ЭМДС-гийн үлдэгдэл мөнгөө авч чадах юм уу, чадахгүй юм уу" гэдгийг гишүүн М.Оюунчимэг нэмж тодруулахад "Эрсдэлтэй хоёр банкнаас төрийн байгууллагууд мөнгө хөрөнгө татаж авахыг аудитын байгууллагаас, Сангийн яамнаас ч холбогдох газруудад нь анхааруулж албан бичиг илгээсэн. Банкууд төрийн мөнгөн хөрөнгө байршуулах, ялангуяа ЭМДС, НДС-гийн эх үүсвэрийн талаар яригддаг. Үндэсний зөвлөл нь хүүгийн орлого олно гэж үзээд мөнгөө арилжааны банкуудад байршуулдаг. Хоёр банктай холбоотой асуудал олон жил яригдаж, бараг найдваргүй болсон учраас нэг талдаа гарч шүүхээр шийдүүлэхээр явж байна" гэдгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт онцоллоо.

Г.Эрхэс