С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ө.Батбаяр: Элчин сайдаар дэмжвэл гурван төрлийн зүйлд анхаарна
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газрын хуралдаанаар 25 оронд суух Элчин сайдын нэрийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээс 24 хүний нэрийг УИХ-д өргөн барьжээ. Элчин сайдад нэр дэвшигчдээс олны анхааралд хамгийн их өртөөд байгаа нь “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн хөтлөгч Ө.Батбаяр. Түүнийг АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлсэнтэй холбогдуулж, гишүүд асуулт асуусан юм.
Тэрбээр “2019 оноос ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж, одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Монгол АНУ маш олон талт харилцаа. Улс төрийн харилцаа номер нэг. Тиймээс гурван зүйлд анхаарч ажиллана. Нэгд, АНУ-д албан тоогоор 30 гаруй, албан бус тоогоор 40 гаруй мянган Монгол Улсын иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэний хоёр, гурав дахь үе бий болсон. Тиймээс Монгол төлөвшил эзэмших, монгол хэл сурах, боловсрол эзэмших нөхцөл байдлыг хангаж ажиллах ёстой. Монгол Улсын Элчин сайдын яам эдгээр иргэнд эх оронд нь байгаа мэт бодлого явуулах ёстой. Хоёрт, гадаад харилцааг эдийн засагжуулах ёстой. Ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл бий болгосон, хөгжүүлсэн олон улсын харилцаа, олон тулгуурт бодлогыг дэмжин, үргэлжлүүлэн ажиллана. Гуравт, Монголын дотоодын бизнес эрхлэгчдийн экспортыг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Монгол Улс дэлхийн зах зээл дээр гарах ёстой. Үүнд онцгойлон анхаарч ажиллах болно” гэлээ.