Х.Тэмүүжин: Нөхцөл байдал улам эмгэнэлтэй байдалд хүрлээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хуулийн сайд асан Х.Тэмүүжин нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сайд асан Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "АН-ын гишүүдийн гарын үсгийг гурван шалтгаанаар цуглуулж байна. Нэгдүгээрт, АН хуваагдаж задраагүй, Намын нэрээр тамганы буланд зогсож байгаа хүмүүс талцан хуваагдсан. Энэ нь нам хуваагдаж тарсан мэт ойлголтыг олон нийтэд өгч байна. АН цул байгаа. Хоёрдмол толгой байгаа бол үүнийг хурлаа хийж шийдэх ёстой. Хоёрдугаарт, гарын үсэг цуглуулж байгаа үйл явцыг Дээд шүүхэд нотлох баримт болгож, өгнө. Гишүүд нь өөрсдөө нотлох баримтаараа гарын үсгээ цуглуулж, хурал хийж, нэг шийдвэртэй Дээд шүүхэд баримт өгснөөр тамганы хэрүүл арилна. Гуравдугаарт, АН дотроо маргаантай байгаа учраас сөрөг хүчний ажлаа хийж чадахгүй байна. Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулаад өөрсдийнхөө үйл ажиллагааг төсвийн мөнгөөр санхүүжүүлж, сонгуулиа хийж, авлигаа өөгшүүлээд сууж байгаа эрх баригчдын хулгайг зогсоох ёстой. Нөхцөл байдал улам эмгэнэлтэй байдалд хүрч байна. Нас барсан иргэн нь өөрөө буруутай болж, хувь хүний нууцыг нь ил гаргаж байна. Энэ бүхнийг таслан зогсоогүй бол бүх юмны үнэ нэмэгдсэн, иргэний амь нас үнэгүй болсон цаг үе ирчихлээ. Тэгэхээр АН сэрж, нэгдэж, иргэнээ үнэгүйд тооцож, иргэнийхээ өмнүүр орж, бэлтгэл хангаагүйгээс болоод иргэд хүнд нөхцөлд орлоо" гэлээ.