С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Улстөржилтөө зогсоохгүй бол бүх эрх мэдлээ хэрэгжүүлнэ шүү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Энэ үеэр УИХ-аас төсвийн тодотголыг баталсныг дурдаж зарим тайлбарыг хийсэн юм. Тухайлбал, Монгол Улсын төсөв хүндэрсэн үед цар тахлын эсрэг бүхий л нөөц боломжоо ашигласныг тэрбээр дурдлаа.
Мөн "Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Цар тахлын амаргүй үед улс төр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй. Энэ улс төрийг эрүүл мэндийн салбартай хийж талцан хувааж болохгүй. өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагааг доголдуулан, тасалдуулах зорилго яав ч тангараг өргөсөн улстөрч хүнд байх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид бас үүнд автах ёсгүй. Тиймээс эрүүл мэндийн салбартай холбоотой улстөржилтийг таслан зогсоохын тулд Ерөнхий сайд цаашид хатуу арга хэмжээ авна. Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерын мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, цаана юу болж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Тусгай албаны мэдээллүүд ч авагдаж байна. Эрүүл мэндийн сайд байсан зарим улстөрчдөд хандаж хэлэхэд эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайдын хувьд шаардаж байна. Ийм зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийвэл Ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын хэм хэмжээнд байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэх болно шүү. Нийт иргэдээ хамгаалахын тулд хатуу байх үе байна" гэв.