С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Төр оролцоотой бизнесийг зааглана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийх үеэр намуудын санхүүжилтийг тодорхой болгох хууль, эрх зүйн шинэчлэлт хийх болсноо Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн юм.
Тэрбээр "Бидний хамгийн гол зорилго бол төрийн байгууллагын уялдаа холбоог дэмжих, иргэдээс төрийн байгууллагын үйл ажиллагаа, чирэгдэл, хүндрэлд цаг тухай бүрд үнэлэлт өгөх түүнд үндэслэж, тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтнуудад хариуцлага тооцох, ажлаас чөлөөлөх, цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Авлигын гол хөшүүрэг, хүчин зүйл болсон зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Наймдугаар сард багтааж Засгийн газраас Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барина. Улс төрийн намын тухай хуулийг батлан гаргана.
Хамгийн их авлигад өртсөн байх магадлалтай газар бол төрийн болон орон нутгийн өмчит компаниуд. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар ямар төрлийн бизнесийг төр хийх вэ, ямар төрлийн бизнесийг хийж болохгүй вэ гэдгийг тодорхой болгоно. Эдгээр компанийн удирдлагыг хэрхэн төрөөс хараат бус, ангид байлгах талаар хууль эрх зүйн зохицуулалт хийнэ” гэлээ.