С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
УИХ-ын дарга Г.Занданшатарт хурандаа генерал Вэй Фөнхө бараалхав
УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улсын төр, засгийн зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллах бодлогыг тууштай баримталж буйгаа тэмдэглэн хэллээ.
Ноён Вэй Фөнхө, цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, БНХАУ, Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав. Тэрбээр, Төрийн тэргүүн Си Зиньпиний зөвшөөрлөөр цар тахлын үед энэхүү айлчлалыг хийж буйгаа дурдаад, хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан тохирсоныг ажил хэрэг болгон БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Цар тахлын нөхцөлд болж байгаа энэхүү айлчлал нь хоёр талын онцгой харилцааны илэрхийлэл хэмээн үзэж буйгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэмдэглэн хэллээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны долдугаар сарын 16-ны өдөр утсаар ярьж, хоёр улсын харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэх, гүнзгийрүүлэх сонирхлоо нотолж, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярихдаа хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн төлөө илүү идэвхтэй ажиллах, БНХАУ-ын тал Монгол Улсаас уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр импортлох, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үлгэр жишээ, чанартай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх болон цөлжилт, шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж байлаа. Төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр хүрсэн эдгээр тохиролцоог бодит ажил хэрэг болгоход монголын тал өндөр ач холбогдол өгч, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж буйг Улсын Их Хурлын дарга дурдсан.
Төрийн тэргүүн нар түүнчлэн хоёр талын олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, механизмын хүрээнд явуулж ирсэн ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжүүлэхийн төлөө байгаагаа нотолсныг тэрбээр мөн тэмдэглэн хэллээ.
Цар тахлын үед БНХАУ-ын эдийн засгийн хөгжил тогтвортой байгааг ноён Вэй Фөнхө онцлоод “Манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үр ашгийг хөрш улсын хувиар Монгол Улс ч хүртэж, хамтдаа хөгжинө хэмээн найдаж байна. Манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа нь эдийн засгийн харилцан ашигтай, үр нөлөөтэй байна гэдэгт итгэлтэй байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Та хоёр орны харилцааг өндрөөр үнэлж буйд гүн талархал илэрхийлье” гэлээ. Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын бүх түвшний харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрнэ гэдэг найдаж байгаагаа тэмдэглэн хэлсэн.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэв.
Батлан хамгаалын салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улс төрийн харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхтэй шууд холбоотой байдгийг мөн онцлон дурдав.
Монгол Улсын “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын зүгээс үнэтэй дэмжлэг үзүүлж, эмнэлгийн хэрэгсэл, эд материал болон вакцины олон удаагийн тусламж үзүүлсэн, түүний дотор БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шугамаар вакцины тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинаар хүн амынхаа дийлэнх хувийг богино хугацаанд вакцинд хамруулсан нь “Ковид-19”-ийн тархалт, эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснийг Г.Занданшатар дарга уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч, хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс байлцлаа.