С.Амарсайхан: Эрээний талд 3000 тн ачаа бараа гацсан байна

Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Гантулга болон бусад албаны хүмүүс Замын-Үүдэд ажиллаж байна.

Энэ сарын 1-ний байдлаар чөлөөт бүс болон гадна талбайд нийт 2600 тээврийн хэрэгслийн дараалал үүсчээ. Харин өнөөдөр чөлөөт бүсийн хашаанд 237, гадна талбайд 1285 тээврийн хэрэгсэл байгаа аж. Долдугаар сарын 18-наас эхлэн хилээр нэвтрэх дарааллын дугаарыг олгож эхэлсэн байна.

Авто замаар тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаас гадна төмөр замын ачаа эргэлтэд анхаарч эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Эрээнээс 50 вагон ачигдаж, гаалиар орж ирэхэд бэлэн болсон байна. 

Ажлын явцтай холбогдуулж, Шадар сайд С.Амарсайхан "Эрээний талд гурван мянган тонн орчим ачаа бараа гацсан байна. Эдгээрийг татан авахад төмөр замын вагоны хүчин чадал чухал. Үйлдвэрлэгч үйлчилгээний байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнүүд хэдэн сар гацсан. Өдөрт 100-110 машин хилээр гарч байна. 150-160 тээврийн хэрэгсэл өдөртөө гаалиар орж ирж байна. Холбогдох зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй" гэдгийг сануулав.