С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Бат-Энхийг Эрдэнэт үйлдвэрийн орлогчоор томилжээ
“Эрдэнэт" үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний оронд нь МАН-ын Нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхийг томилсноор өнөөдөр ажлаа хүлээн авчээ.
Хуулийн дагуу "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уг шийдвэрийг гаргахын тулд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай зөвшилцдөг. Энэ хүрээнд өнгөрсөн Баасан гаригт "Эрдэнэт үйлдвэр"-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар Ц.Бат-Энхийг томилохыг ТӨБЗГ руу хүргүүлж, зөвшөөрснөөр уг албанд томилжээ.
Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-аас ирэх үеэрээ тусгаарлалтад орохыг эсэргүүцэн, албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудтай зүй бус харьцсан үйлдэл үзүүлснээр хүч хэрэглэх арга хэмжээ авхуулсан байдаг. Улмаар одоогийн Ерөнхийлөгч тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх “Вирус тусдаггүй нарийн бичгийн дарга гэж байхгүй. Хуулийг мэдрүүлж, хариуцлага тооц” гэсэн чиглэлийг өгснөөр ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байв.
Ц.Бат-Энх нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэт"үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн.