Ж.Сүхбаатар: Нохойгоо салхилуулахаас эхлээд үйлчилгээний стандартыг хот өөрөө тогтооно

“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг Чингэлтэй дүүргийн Гутлын 22-т албан ёсоор нээсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар зарим асуултад хариулт өглөө.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийг та ахлан ажилласан. Хуульд ямар томоохон зохицуулалтыг тусгасан бэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэж 27 жил явж ирсэн хуулийг бид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль гэж УИХ-д оруулж, шинэчлэн баталлаа. Хуульд Улаанбаатар хотын эдийн засаг, хүн амын амьдрал, үйлчилгээг дэмжсэн зохицуулалтуудыг оруулж өгсөн. Энэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хотын дүрэм, стандартыг батлахаар болсон. Өөрөөр хэлбэл, нохойгоо салхилуулахаас эхлээд үйлчилгээний бусад стандартыг хот өөрөө тогтоох боломжийг хуульд тусгаж өгсөн. Хотын стандартыг ярихгүйгээр бусад ажлыг яриад байж болохгүй. Энэ ажлууд УИХ-ын бодлогын төвшинд хэрэгжиж, Засгийн газраас дэмжлэг авч байна. Хотын удирдлагууд ч бэлтгэл ажлуудаа хангаад явж байгаа.

Чингэлтэй дүүрэгт нээгдсэн өглөөний жишиг гудамжны төслийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох “Туушин” зочид буудлын урд байгуулахаар төлөвлөж байна. Энэ мэтчилэн дүүргүүдэд үе шаттайгаар өглөөний гудамж байгуулах юм билээ. Харин бидний зүгээс хотын засаглалын чадавхыг сайжруулах, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсан. Энэ түр хороог УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж  байна.

-“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдсан энэ үед иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Хотын машиндаа “эзлэгдсэн” газруудыг хүмүүс үйлчлүүлдэг, холхидог болгох хэрэгтэй. Барилгажуулах, орон сууцжуулах ажлын хажуугаар ногоон байгууламж, хотын соёлт гудамжнуудыг бий болгох ёстой. Энд мэдээж хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. “Өглөөний гудамж” төсөл дээр ажилласан баг, хамт олонд талархлаа илэрхийлэхийн сацуу энд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын маань ашиг орлого арвин байх болтугай хэмээн ерөөе. Иргэд маань ч өглөөний гудамжаар идэвхтэй үйлчлүүлээрэй.