С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Ёндон: Засгийн газар хүнд нөхцөлд шатахууны үнийг бүтэн жил барьж чадсан
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанк хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй шатахууны асуудлаар уулзалт зохион байгуулж байна.
Энэ үеэр салбарын сайд Г.Ёндон шатахууны үнийн асуудлаар цаг үеийн асуудлаар зарим мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Жилийн хугацаанд төр, засгийн зүгээс газрын тосны үнийн асуудал дээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2020 оны дөрөвдүгээр сард газрын тосны үнэ доод хэмжээндээ хүрсэн. Газрын тосны үнийг 1450 төгрөгөөр 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулж, барьсан.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тогтмол өссөн. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээсээр л байсан. Нэгдүгээр сард нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суусан. Үндсэндээ цар тахлын хүнд хэцүү нөхцөлд Засгийн газар шатахууны үнийг бүтэн жил барьж чадсан. Харамсалтай нь, тэд ашгийн төлөөх байгууллага алдагдал хүлээж эхэлсэн. Литр тутамд 600 төгрөгийн алдагдалд хүрсэн. Цаашид үргэлжилбэл авто бензины хомсдол үүсэх байсан.
Цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Өдөр бүр долларын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна" гэдгийг онцоллоо.