Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк байгуулна

Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэсплазм” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо. Паркийн дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологи ашиглан барьж байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улс шил, шилэн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор худалдан авдаг, үүнээс 80 орчим хувь нь БНХАУ-аас хамаарч байна. 2020 оны мэдээгээр 21 нэр төрлийн 55 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор худалдан авч дотоодын үйлдвэрүүд шилний хэрэгцээгээ хангадаг байна.

-Парк бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 50 гаруй сая ам.долларын шил, шилэн хийцийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

-Эхний ээлжинд ашиглалтад орох савлагааны шилний үйлдвэр нь хоногт 68,8 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

-Улаанбаатар хотоос гарч байгаа шилний хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Нийслэлийн Багахангай дүүрэгт байгуулагдах шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк нь нийт гурван үйлдвэрийн бүстэй бөгөөд эхний ээлжинд байгуулагдах савлагааны шилний үйлдвэр нь жилд дунджаар 48 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 10 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 380 гаруй ажлын байр шинээр бий болгох урьдчилсан тооцоо хийгджээ.