Сэлгэн томилогдсон Л.Эрдэнчулуун тайлангаа тавилаа

Монголын ачаа, тээврийг зохицуулалт, импорт, экспортыг зохицуулах гол газар нь Замын-Үүдийн боомт. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас үүдэж уг орчимд ачаа, тээврийн гацаа үүссэн нь саяхны, сарын өмнөх үйл явдал. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн бүс нутагт албан томилолт хийж, холбогдох албан тушаалтнуудыг Засгийн газрын нэрийн өмнөөс томилсон. Гэвч Ерөнхий сайдаас үүрэг авч, Замын-Үүдийн боомтод ажил хариуцсан алба хаагчдыг хариуцсан ажлаа хийж, гүйцэтгэхгүй байгаа талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд дэх хилийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Замын-Үүд боомтын зөвлөлөөс долдугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл хэд хэдэн арга хэмжээг авч ажиллалаа. Экспорт импортын ариутгалын байгууламжийг байгууллаа. Хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу бүрэн ариутгах боломжийг бүрдүүлсэн байна. Ариутгалын байгууламж нь өөрөө хоёр талдаа 10 тонн бодисын нөөц савтай. 1000 автомашин халдваргүйжүүлэх боломжтой. Хилийн хяналтын цэгийг сайжруулсан байна. Хяналтын цэгт улаан, шар , ногоон бүсийн дэглэмийг тогтоосон. Мөн хяналтын байруудын байрлалыг зөв урсгалд оруулж байршуулсан.

Хяналтын цэгт цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах үүднээс “Улаан бүс”- д эрүүл мэндийн хяналтын термо камерыг байрлуулж, тусгайлан ажиглах байр байгуулан халдваргүйжилтийн бүртгэлийн цэгийг ажиллуулж байна.

Хяналт шалгалтыг 12 бүсэд явуулж байна. Өнгөрсөн 20 хоногийн хугацаанд импортын 10836 тээврийн хэрэгсэлд хяналт тавилаа. Импортын чиглэлээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд шалгалт хийхэд зөрчил дутагдал гарч байна. 24 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхэд 85167 бараа бүтээгдэхүүнд зөрчлийн тухай хуулиар зохих арга хэмжээг авч байна. Хаяг шошго тодорхойгүй, зөрчилтэй гэж үзсэн 16 тонн хатаасан үзмийг улсын орлогод оруулсан. Мөн “Дийлэгч тэнгэр” компанийн бичиг баримтын зөрчилтэй транзит тээврийн 16 чингэлэг, 392 тонн рапс үрийг буцаасан.

Хажуугаар нь, устгалын ажлыг зохион байгууллаа. Гарал үүсэл тодорхойгүй буюу хаяг шошгогүй, стандартын бус, шинжилгээний дүнгээр эерэг гарсан 12.6 тонн шар будааг устгасан байна. Бичиг баримтын зөрчилтэй, стандартын шаардлага хангаагүй цагаан будаа, нэг удаагийн амны хаалт, бээлийг хураан устгалд оруулахаар сумын зөвлөлд шилжүүлсэн. Экспортын хяналтын хувьд нийт 85 аж ахуйн нэгжийн 131 машин, 5283 вагонд хяналт тавилаа. Ингэхэд 382 ширхэг мал амьтны гаралтай бүтээгдэхүүн болон түүхий эдэд зөрчил илэрч арга хэмжээ авлаа" гэдгийг тэрбээр онцоллоо.