Х.Нямбаатар: Цагдаагийн алба хаагчийг сүрдүүлж, зургаан сая төгрөг авсныг тогтоосон

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдсан бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Үүнтэй холбогдуулж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал "Асуудлыг нуун дарагдуулсан юм биш. Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад зөрчил яагаад бүртгэгдээгүй вэ гэх шалтгаан болон тухайн үед эрх чөлөөгөөрөө хохирсон иргэн яагаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй вэ гэдэгт шалгалт явуулж байгаа. Хоёрдугаарт, цагдаагийн байгууллага гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үндсэн чиг үүргээ иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр явуулдаг. Цагдаагийн байгууллага нийт иргэдээсээ цагдаагийн алба хаагчдын зохисгүй бөгөөд бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг тавигдсанд уучлалт хүсье. Тухайн хүмүүсээс ч мөн давхар уучлалт гуйж байна. Мөн уг асуудалд шат шатны дарга нар нь яагаад анхаарал тавиагүй вэ гэдэг дээр дотооддоо албан шалгалт явуулна. Эрх чөлөөнд халдсан асуудал нь өөрөө гэмт хэргийн шинж чанартай учраас холбогдох үйл явцын дагуу шалгалтын ажиллагаа явагдана" гэдгийг мэдэгсэн.

Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар хийлээ. Тэрбээр "Тухайн үед цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгэж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Энэ дагуу эргүүлийн албан хаагчид ажилласан. Дуудлагаар очсон алба хаагчийг нэг иргэн нь сандлаар цохисон. Цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бусаар харьцах процесс өрнөсөн байна. Хоёр иргэний гэр бүл бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жил зургаан сая төгрөг авсныг тогтоосон”  гэлээ.