С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Энхбаяр: Цэц эс үйлдлээрээ шүүхийн шинэтгэлийг гацаалаа
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгчээ. Шүүхийн тухай хууль хэрэгжээд зургаан сар болсон, энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс болж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах ажил гацаад байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийв. Цэцийн дээрх дүгнэлтийн талаарх шийдвэрээ Улсын Их Хурал тавдугаар сард гаргасан байхад Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл дээд суудлын хуралдаанаа хийгээгүй, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа юм байна. Цэцийн энэхүү эс үйлдлээс үүдэн шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл; шүүгчийн алдаа оноог дэнслэх Шүүхийн сахилгын хороо зэрэг "шударга ёсны араа шүд" болж байх ёстой хоёр байгууллага нь байгуулагдаж чадахгүй өнөөдрийг хүрээд байгааг хэллээ. Тиймээс шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэц энэ сард багтаан Их суудлын хуралдаанаа хийж, шийдвэрээ гаргах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцуулав. Хуулийн шинээр тусгагдсан зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн танхимуудын бүрэлдэхүүнээ шинэчлэн, үүссэн байсан тодорхой бэрхшээлүүдийг шийдвэрлээд байгаа гэлээ. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд ойрын хугацаанд саналыг хүргүүлэхээр төлөвлөөд байгаа гэдэг мэдээллийг тэрбээр өгөв. 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар заасан. Эл хүрээлэнг байгуулах ажлыг зохион байгуулаад байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг мэдээлэх, олон нийтэд түгээх ажлыг хүрээлэнгээр дамжуулан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэв.
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангахаар Улсын Их Хурал шүүхийн шинэтгэлийг хийсэн. Шүүх засаглалыг аливаа улс төрийн хүрээлэл, тодорхой улстөрчийн нөлөөллөөс ангид байлгах зорилгоор хийсэн эл шинэтгэл ийнхүү гацаад байгааг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат дурдаад, төрийн аливаа үйл ажиллагааг тодорхой цаг хугацаатай болгох чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг байр суурийг хэлсэн.