С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Мөнхбат: Төрийн албыг намын, даргын хүмүүсээр дүүргэсэн шүүмжлэл их байна
УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон сонгон шалгаруулах тухай хоёр хуулийн төслийг боловсруулсан. Хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхийн өмнө төрийн албан хаагчийн ёс зүйн талаар иргэдээс санал асуулга авсан. 94 гаруй хувь буюу олонх нь төрийн алба хүнд сурталтай, авлига хээл хахуульд идэгдсэн гэдгийг онцолсон.
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар өнөөдөр нийтдээ 1194 төрийн байгууллагад ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх бололцоо хангалттай сайн бүрдээгүй. Зөрчлийг хянаж, шалган шийдвэрлэх зохицуулалт боловсронгуй болоогүй.
Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг тооцох, хяналт тавих, судалгаа тайлан мэдээлэл гаргадаг эсэх нь тодорхойгүй. Салбар, ажил мэргэжлийн чиглэлээр ёс зүйн дүрэм, журам хангалттай байдаг ч гэсэн түүнийг дагаж мөрдүүлэх нэгдсэн удирдлага зохион байгуулалт байхгүй. Тиймээс төрийн албаны бүх салбарнэг хуультай болгох, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Төрийн алба нэг нам, даргын хүмүүсээр дүүрсэн гэх шүүмжлэлд их өртдөг. Энэ бүхийг өөрчлөх цаг болсон. Хариуцлага ёс зүйн алдаа гаргасан бол үүнийг шалгаж тогтоон хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй.
Хоёрдугаарт төрийн жинхэнэ албанд үндэслэн сонгон шалгаруулах буюу шилж олох сонгох сонгон шалгаруулалтын асуудал. Төрийн албанд шатлан дэвших зарчим үйлчилдэг. Гэвч гадаадад өндөр боловсрол эзэмшсэн болон дотоодын сургуульд боловсрол эзэмшсэн чадвартай залуус төрийн албанд ажиллах гэхээр ажилласан жил гэх шаардлагад нь бүдэрдэг. Тиймээс цаг хугацаа, ажилласан жилээс үл хамааран хувь хүний чадвар, ёс зүйд үндэслэн төрийн албанд шалгуур тавих нь зөв. Дэлхий нийтэд байгаа сайн жишгийг Монгол Улс хөрсөн дээрээ буулган, амьдруулах хэрэгтэй. Тухайлбал, Японд төрийн албан хаагчид нь ёс зүй, сахилгын тухай хуультай" гэлээ.