С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: Дарга сэтгэлгээг өөрчилж, үйлчлэгч гэдгийг ухамсарлуулна
Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүдийн боловсруулалтын явцтай танилцах уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Өнгөрсөн 100 жилийн нийгмийн байгууллын өөрчлөлтийн явцад ард иргэдэдээ үйлчлэх төрийн үндсэн зарчим задарч, төрийн дунд, доод шатанд ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсан талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад олон нийтээс ихээхэн шүүмжлэл ирж, тодорхой санал санаачилгууд гарсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар Зөвлөлдөх санал асуулгаас төрийн албаны сахилга, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлт. Тодруулбал, төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох шаардлагатай гэдэг дээр Зөвлөлдөх санал асуулгад оролцогсдын 94.5 хувь санал нийлсэн бол төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх шаардлагатай гэдэг дээр 89.4 хувь нь санал нэгдсэн юм. Мөн төрийн жинхэнэ албаыг мэргэшсэн, чадахуйд суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжин, энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгохыг 87.9 хувь нь хүссэн" гэдгийг онцолжээ.
Мөн ард түмний энэ хүсэмжлэлд нийцүүлэн дээрх хоёр хуулийн төслийг боловсруулж байгааг УИХ-ын дарга хэлсэн байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг гурван жилийн турш боловсруулж байгаа аж. Тэрбээр 2018 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа анхны ажлын хэсгийг байгуулж, Япон, Герман улсаас туршлага судлах арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байжээ. Монголчууд Япон Улсын улс төрийн соёл, төрийн албаны ёс суртахууны жишигт төрийн албаа дүйцүүлэхийг хүсдэг, харин тус улс нь төрийн албаны сахилга, ёс зүй, хариуцлагын талаарх хуультай гэдгийг хэлээд баримтууд дурдав.
Хуулийн дээрх төслүүдийг боловсруулахдаа нэн тэргүүнд монгол хүний ёс суртахууны өөрчлөлтийг судалж, үүнд тулгуурлан хэм хэмжээг тогтоох ёстойг УИХ-ын дарга хэллээ. Мөн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудал төрийн бүх шатанд тус тусын зохицуулалттай явж ирсэн ч нийтлэг хэм хэмжээ болж чадаагүй, систем болж бүрдэхгүй өнөөдрийг хүрч байгаа учраас сайн туршлагуудыг судалж, хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ийнхүү төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагын хэм хэмжээг мөрдүүлж, систем болгон бүрдүүлснээр нийгэмд үлгэр дуурайлал болж, нөлөөлөл үзүүлэх ач холбогдлыг нь ухамсарлаж, төслийг боловсруулахдаа анхаарч ажиллахыг уулзалтад оролцогчдод захив.
Төрийн чадварлаг албыг бүрдүүлэхийн тулд сонгон шалгаруулалтаар шилдгүүдийг олох ёстой ч өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй сонгон шалгаруулалтууд нь хангалтгүй, хатуухан хэлэхэд нэрийн төдий болж ирсэн гэдэг шүүмжлэл, гомдлыг олон нийтээс хаягладаг талаар тэрбээр сануулсан юм. Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийн үзэл санаа гүйцэтгэлийн шатны алдаанаас болж хэрэгжиж чадахгүй байгааг Г.Занданшатар дарга хэлсэн. Бусад улс оронд сонгон шалгаруулалт, хүний нөөц, боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлдэг яамтай байдаг жишгийг дэлгэрэнгүй танилцуулсан. Их, дээд сургуулиас шилдэг оюутан, суралцагчдыг сонгон, шалгаруулж, бодлогоор мэргэшүүлэн бэлтгэж, боловсруулдаг, улмаар чадахуйд суурилсан зарчмаар дэвшүүлэн ажиллуулснаар “Төр төмбөг, ёс ёмбогор” хэмээх үзэл санаа бүхий Азийн эрх зүй хэрэгжих боломжтой гэлээ. Ийм үзэл санаа, арга зарчим хэрэгжүүлж буй Азийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг бусад улс оронд хэрэгжүүлж байгаа жишээг дурдав. Иймээс Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн үр дүнд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртайг онцлов. Тус зөвлөл одоогийн төрийн албаны бүтцээ хамгаалахаас илүүтэй боловсронгуй, чадварлаг болгоход анхаарах үүрэгтэйг хэлсэн.
Энэ бүхний үр дүнд ард түмэндээ үйлчилдэг, төрийн төлөө зүтгэдэг, улс орны хөгжлийн үндэс болдог төрийн алба, төрийн албан хаагчидтай болох зорилготой гэв. “Төрийн албаны реформ нь улсын хөгжлийн суурь гэдгийг ухамсарлаж, бодлогын дорвитой өөрчлөлтийг хийж, шинэчлэл хэрэгжүүлэхээр ажиллаарай. АРД ТҮМЭН БИДЭНД ҮНЭМЛЭХҮЙ ИТГЭЛ ҮЗҮҮЛСЭН, БИД ИЛҮҮ ИХ ЗҮТГЭЛЭЭР ХАРИУЛАХ ЁСТОЙ. Төрийн албаны эрс шинэчлэл бол улс хөгжихийн үндэс юм. Гэхдээ хүнийг нь өөрчил гэсэн үг биш. Үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, бодлого, зохицуулалтыг нь өөрчлөн шинэчилж, ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧ БҮР аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн даргын төлөө биш МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ, МОНГОЛ ХҮН БҮРД ҮЙЛЧИЛДЭГ БОЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭС нь Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулиуд байх болно” гэжээ.
Мөн "Одоо байгаа төрийн албан хаагчдын “дарга” гэсэн сэтгэлгээг өөрчилж, ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа “үйлчлэгч” гэдгийг ухамсарлуулах, сэтгэлгээний өөрчлөлтийг төлөвшүүлэхийн чухлыг тэрбээр тайлбарлаж “Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс сурвалжтай. Улсын Их Хурал ард түмний сонголтоор байгуулагддаг, ард түмний сонгосон Улсын Их Хурлаас Засгийн газар байгуулагддаг. Тэр Засгийн газар яам, харьяа байгууллагуудынхаа албан хаагчдыг бүрдүүлдэг гээд харахаар төрийн бүх албан тушаал, эрх мэдэл ард түмнээс сурвалжтай, үүрэг нь иргэнд үйлчлэх. Энэхүү үндсэн, ардчилсан нийгмийн үзэл санааг энэ хуулиудаар нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг мөрдүүлэх зорилт тавьж байна” гэдгийг онцолсон байна.