С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Нийт хүн амын дунд соёлын эрс өөрчлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай
Засгийн газрын 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн тогтоолоор байгуулсан “Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны анхдугаар хурал боллоо.
Уг хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, орлогч даргаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, нарийн бичгийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо ажиллана.
Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү хороо нь иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулж ажиллана гэж үзэж болно. Манай улс хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 92-р байрт эрэмбэлэгдэж байна. Тиймээс уг индексийн шалгуур үзүүлэлт бүр дээр Үндэсний хороо анхаарч, салбар бүрийн уялдаа, холбоог сайтар хангаж ажиллах хэрэгтэй байна” гэв.
Хүний хөгжлийн индексийг эрүүл саруул байж, урт удаан наслах; эрдэм мэдлэг эзэмших; амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн гурван хэмжигдэхүүнийг илэрхийлдэг. Иймд дээрх үндсэн гурван хэмжигдэхүүн ямар түвшин, нөхцөл байдалд байгааг Үндэсний хорооны гишүүд танилцуулав.
Эрүүл мэндийн сайд бөгөөд Үндэсний хорооны гишүүн С.Энхболд “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссаны дагуу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломж нөхцлийг бүрдүүлэхээр зорьж ажиллаж байна. Одоогийн байдлаар манай улсад хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан сэргийлэх, эрт илрүүлэг хийх 14 үзлэгийг хийдэг. Гэтэл уг эрүүл мэндийн үзлэгийн хамрагдалт маш бага буюу 18-аас дээш насны нийт хүн амын 7.8 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Мөн нийт 12 төрлийн урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж буйг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны дийлэнх хувийг амьсгалын тогтолцооны өвчин бүрдүүлж байгаа бол нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх-судасны тогтолцооны өвчин байна. Иймд өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх зургаан төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн нийт насанд хүрэгчдийн тэн хагас нь, сургуулийн насны 3 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэх судалгааны үр дүн гарсан. Тиймээс одоо хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлж, иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.” гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Үндэсний хорооны орлогч дарга Л.Энх-Амгалан боловсролын салбарын талаарх танилцуулга хийв. Тэрээр “Монгол Улс хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-р байрт, боловсролын индексээр 189 улсаас 103-р байрт эрэмбэлэгдэж байна.
Боловсролын салбарт засаглал, удирдлага, зохион байгуулалт томилгооны тогтолцоо оновчтой бус, хот хөдөөгийн боловсролын ялгаа их, боловсролын түвшин хоорондын уялдаа холбоо сул, сургалтын хөтөлбөр тогтвортой бус, насан туршийн боловсролын тогтолцоо төлөвшөөгүй зэрэг асуудал тулгамдаад байна. Иймд манай салбар Боловсролын ерөнхий хуулиар дамжуулан, боловсролын салбарын шинэчлэлийг насан туршийн боловсролын тогтолцооны зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү Боловсролын ерөнхий хуулиар дамжуулан боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийснээр 2030 онд хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.85, ядуурлын түвшинг 15, ажилгүйдлийн түвшинг 7 хувьд хүргэх боломжтой гэж төлөвлөж байна.” гэлээ.
Хүний хөгжлийн индекс манай улсад 1990 онд 0.598 байсан бол 2019 онд 0.737 болж, индекс 27.5 хувиар өссөн байна. Мөн төрөх үеэс тооцсон дундаж наслалт 9.6 жилээр, сургууль суралцах хугацаа 4 жилээр өсч, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 4,622-с 10,839 ам доллар буюу 2.3 дахин өссөн байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.
Хуралдааныг дүгнэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний хөгжлийн индексийг дээшлүүлэхэд салбарын уялдаа холбоог хангаж ажиллан, нийт хүн амын дунд соёлын эрс өөрчлөлтийг эрчимжүүлэх шаардлагатайг Үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.
Бусад Үндэсний хороодын адилаар тус Үндэсний хороонд харьяалагдах бүх байгууллагуудын саналыг нэгтгэн, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан дараагийн хурлаар хэлэлцэхээр боллоо.