С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
19 мянган иргэн цэвэр усны баталгаат эх үүсвэртэй боллоо
Монголын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14 сая еврогийн Австрийн хөнгөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Харин уг төслийн Барилга байгууламжийн нээлтийн арга хэмжээ өчигдөр Алтай хотод боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм, төслийн ерөнхий гүйцэтгэгч “Ти Ар Эм” ХХК-ийн төслийн удирдагч Андрэй болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Алтай хотын ус хангамжийн усны нөөцийн одоо ашиглаж байгаа эх үүсвэр нь хүн амын ундны усны стандартыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаагаас гадна усны нөөцийн хэмжээ ус хэрэглээний өнөөдрийн хэрэгцээг хангаж чаддаггүй байна. Урьд өмнө хийгдсэн газрын доорхи усны эрэл хайгуулын олон төсөл хэрэгжүүлж ирсэн боловч хүрэлцэхүйц хэмжээний нөөц, чанарын шаардлагыг хангах эх үүсвэр тогтоож чадахгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
Тэгвэл Австрийн хөнгөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Тайшир-Алтай ус хангамж” төсөл нь Говь-Алтай аймгийн төвийн ус хангамжийн одоо ашиглаж байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэх юм байна. Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшилнэ гэж албаныхан үзжээ.
“Тайшир-Алтай” төсөл нь гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан хүн ам, үйлдвэр, фермерийн аж ахуйн ус хангамжийг шийдвэрлэх ба Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нөөцийн баталгаат эх үүсвэртэй болох ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах зэрэг ихээхэн ач холбогдолтой аж.