С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрдэмтдийн багаас вакцины нэмэлт тунд яаралтай хамруулах шаардлагатайг уламжилжээ
Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар коронавирусын халдварын нөхцөл байдалд авч буй хариу арга хэмжээ, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Эрдэмтэн судлаачдын тооцооллоор Ковидын халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байгаа бөгөөд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 гаруй хувь нь хөнгөн, хүндрэл ерөнхийдөө багасчээ.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан учраас нас баралт мөн буурах хандлага ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Өдгөө бүртгэгдэж буй нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа ч вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ.
ЭМЯ-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар бүүстэр тун нь нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет 4 дахин өссөн үр дүн үзүүлжээ. Тиймээс хүн амыг яаралтай бүүстэр тунд хамруулах шаардлагатай байгааг Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр хэллээ.
Өнөөдрийн байдлаар 70 мянган иргэн бүүстэр тунд хамрагдаад байна.
Шадар сайдын зүгээс хот хоорондын зорчих хөдөлгөөнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, эрсдэлт бүлгийн иргэд, хариу арга хэмжээний багийн гишүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулахыг холбогдох албаныханд даалгалаа.
Тэрбээр “Нийт хүн амын 65 хувийг вакцинжуулалтад хамруулсан учраас аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулан халдварын дэглэмээ баримтлаад ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлогыг УОК-оос баримталж байгаа.
Сургууль, цэцэрлэгүүд нээгдэж, хөдөлгөөний эрчим нэмэгдсэн энэ цаг үед аль болохоор хатуу хөл хорио тогтоолгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ бүгд дор бүртээ чанд мөрдөж ажиллавал эрсдэлийг даван туулах боломжтой” гэлээ.
Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймагт гарсантай холбогдуулан вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УОК-ын хуралдаанд мэдээлэл өгсөн юм. Одоогийн байдлаар нийт 9,9 сая малыг вакцинжуулж, өвчлөл гарсан аймаг, сумдад мэргэжлийн баг ажиллаж байгаа аж.