С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Батцэцэг: Түүхий эдээс хараат байдлыг бууруулах шаардлагатай
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганы хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Сайд нарын уулзалтыг Женев хотноо 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДГХБО-ын Женев дэх бүлгийн зохицуулагчийн хувиар удирдан зохион байгуулав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ дэлхий дахинаа тулгамдаад буй коронавируст цар тахлын нөлөөгөөр далайд гарцгүй хөгжиж буй улсууд урьд урьдынхаас илүү хүндрэлтэй тулгарч буйг онцлоод, ДГХБО-ын түүхий эдээс хараат байдлыг бууруулж, эдийн засгийг төрөлжүүлэн, худалдааны хэмжээ, хөгжлийн түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Түүнчлэн тээвэр, ложистик, хөрөнгө оруулалт, цахим худалдаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ДГХБО-д нэн чухал чиглэлээр үзүүлж буй тусламж дэмжлэгээ цаашид нэмэгдүүлэхийг хөгжлийн түншүүдэд уриалж, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганаас эдгээр чиглэлээр тус байгууллагад илүү их бүрэн эрх олгох шаардлагатай байгааг гэв.
Уулзалтаар Балба, Боливи, Бутан, Замби, Зимбабве, Казахстан, Лаос, Парагвай зэрэг улсын худалдаа, хөгжлийн асуудал хариуцсан сайд, элчин сайд нар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Цахилгаан холбооны хөгжлийн салбарын дарга, Түүхий эдийн хамтын сан байгууллагын захирал зэрэг төлөөлөгчид тус тус үг хэлж, ДГХБО-ын худалдаа, хөгжлийн асуудалд тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон байна.
Өдгөө дэлхийд далайд гарцгүй 44 улс байгаагийн 32 нь далайд гарцгүй хөгжиж буй орнууд юм. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд нь далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсуудаас хамаарал ихтэй зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдаанд тэдний эзлэх хувь дөнгөж 1 хувь болно.
Уулзалтын дүнд 2021 оны 10 дугаар сарын 3-7-нд болох НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганд хандан гаргаж буй Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Сайд нарын тунхаглалыг батлав.