С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хүүхдүүд юу мөрөөддөг вэ
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургууль “Хүүхэд хөгжлийн төв”-тэй боллоо. Сурагчдад эерэг сэтгэлгээ, зөв хандлагыг төлөвшүүлэх, тэдний сурч боловсрох, хөгжиж дэвших, бие биедээ хандах хандлага, харилцааны соёл, нийгэмд оролцох байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд хөгжлийн төвийг байгуулжээ.
Энэхүү төв нь сурагчдад чиглэсэн уулзалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн, сургалт нөлөөллийн олон талт үйл ажиллагаануудыг явуулахад тохиромжтой орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм.
Хүүхэд хөгжлийн төвд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд “Монголын хүүхдийн мөрөөдлийн газрын зураг бүтээх арга зүй” сургалтыг тус сургуулийн VIII ангийн сурагчдын дунд зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан сурагчид өөрсдийн хүсэл, мөрөөдөл ба түүнд хэрхэн хүрэхээр төлөвлөж буй талаар газрын зураг бүтээж төвийн нээлтэд зориулж үзэсгэлэн гарган, сэдвийн хүрээнд ярилцав.
“Монголын хүүхдийн мөрөөдлийн газрын зураг” үзэсгэлэнд сурагчдын төрөл бүрийн хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн бүтээлүүд байсан ба үүнээс онцлоход нэгэн сурагчийн газрын зурагт, “Би архидалтгүй нийгмийг хүсч байна. Гадаадад энэ чиглэлээр суралцаж, боловсроод архидалтгүй нийгмийг бүтээхийн төлөө ажиллана” гэсэн мөрөөдлийн газрын зураг байв. Энэ мэтчилэн зарим сурагч архидалт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах зэрэг нийгэмд тулгараад байгаа эмзэг асуудлуудыг мөрөөдлийн газрын зургаар илэрхийлсэн байна.