С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шатахууны нийлүүлэлт тогтворжиж эхэлжээ
УУХҮЯ-ны мэдээгээр энэ сарын 23-24-нд “НИК”, “Тэс петролеум”, “Шунхлай”, “Газ-Ойл”, “Ундарга Увс” зэрэг ААН Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймагт 335 тонн, зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачиж түгээжээ. Мөн “НИК”, “Сод монгол” ХХК Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийгээд байна.
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж буй учир УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензиний хангамж, түгээлтийг сайжруулахаар ийнхүү ажиллаж байгааг мэдээллээ.
ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад АИ-92 автобензиний нийлүүлэлт энэ оны 9 дүгээр сарын 20-ноос багассан. Улмаар манай улс энэ сард ОХУ-аас 54.880 тонн, БНХАУ-ын “Петрочайна интернейшнл” компанийн Хөх хотын үйлдвэрээс 20.000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөн ажилласнаар 10 дугаар сарын 24-ний байдлаар ОХУ-аас 12.800 тонн, БНХАУ-аас 12.250 тонн, нийт 25.050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс өнөөдөр манай улсад 7700 тонн АИ-92 автобензиний ачилтыг хийж байна. Ингэснээр шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж байна.
Ангарскийн үйлдвэрийн үйл ажиллагаа энэ сарын 17-ноос эхлэн тогтворжиж, хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензиний ачилтыг хийж эхэлжээ. Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс өнөөдөр 7700 тонн АИ-92 автобензин ачиж байна. Ингэснээр шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж байгаа аж.
Манай улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, үүнээс нийслэл Улаанбаатар хотод 850 тонн, хангайн болон төвийн бүсэд 265 тонн, баруун болон зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.