С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гишүүн С.Ганбаатарыг Цэц болон шүүхэд өгөхөө мэдэгдэв
Т.Аюурсайхан нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр маргаан дагуулсан. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн С.Ганбаатар “МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдсан. Хахууль авсан. Жолоочийн даатгалыг төрд авна гэх хар пиарыг даатгалын 14 компанийн эзэд хийсэн. Төрөөс даатгалын 14 компани 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар жолоочдоос хурааж авдаг.
Үүнээс 110 тэрбум төгрөгийг нөхөн олговорт буцааж өгдөг. Үлдсэн мөнгө нь эдгээр компанийн орлого болдог. Төрийн нэр барьж авдаг гэсэн үг. Амь амиа бодоорой гэсэн хатуу ширүүн байдлыг зөөллөх гэж энэ бодлогыг санаачилсан. Жолоочийн албан журмын даатгалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. МАН-ын бүлэг үүнийг эргэж нэг хараач" хэмээн шүүмжлэлтэй хандсан юм.
Түүний эл байр суурьт Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн эгдүүцэж, "МАН-ын бүлэг даатгалын компанийн эрх ашгийг хамгаалаагүй. С.Ганбаатар хариуцлагагүй үг хэллээ. УИХ-ын гишүүн юу ч ярьж болдог юм биш. С.Ганбаатар уучлалт гуйж, хэлсэн үгээ татаж авахгүй бол МАН-ын бүлгийн 62 гишүүнийг авлига авсан гэж гүтгэсэн гэж үзээд, Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандана” гэсэн юм.