С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Энхбаяр: Аманд нь халуун хоол хийсээр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүллээ. Тухайлбал, төслийн 23 дугаар зүйлд 23.6.“Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлтэй зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрээр гадаад ажилтан авч ажиллуулж болно.” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь дэмжив.
Мөн төслийн 26 дугаар зүйлийн гарчгийн “Гадаад ажилтан авч ажиллуулах” гэснийг “Гадаад ажилтныг урих зөвшөөрлийг” гэж, 26.1 дэх хэсгийн “гадаад ажилтан авч ажиллуулах эрхийг” гэснийг “гадаад ажилтныг урих эрхийг” гэж, 26.1.3 дахь заалтын “энэ хуулийн 24-т” гэснийг “энэ хуулийн 23.3, 24.3, 24.4, 24.5-д” гэж тус тус өөрчилж, төслийн 26 дугаар зүйлд 26.1.4, 26.1.5 буюу “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1.1, 10.1.3-д заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон”, “энэ хуулийн 27.1-д заасны дагуу зөвшөөрлөө цуцлуулсан.” гэсэн заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Харин 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын “эсхүл хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон” гэснийг болон 32.1.3 дахь заалтыг тус тус хасч, 32.1.5 дахь заалтын “хуурамч баримт бичгээр бүртгүүлсэн,” гэсний дараа “худал мэдүүлсэн” гэж нэмж, төслийн 32 зүйлд 32.1.7 “32.1.7.хуульд заасан бусад.” гэсэн заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Түүнчлэн төслийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн “Засаг дарга, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага,” гэсний дараа “Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл,” гэж нэмж, 38.3 дахь хэсгийн “зөрчлийг шийдвэрлэх” гэснийг “зөрчлийг арилгуулах” гэж өөрчилж, төсөлд 39.2.1, 39.2.2 дахь “дүрмийн зорилгод ажилтан, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг тусгасан байх;”, “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн бол Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11 дэх заалтыг “гадаадын их сургууль, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллага, сургалтын төвд хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах, хяналт тавих, холбогдох журмыг баталж мөрдүүлэх;” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжив. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахалтай хоёр жилийн нүүрийг үзлээ. Дэлхий нийтийн хувьд хөдөлмөрлөх хүчний асуудалд цар тахлын нөхцөл хамгийн их нөлөөлж байна. Дийлэнх улс хилээ тусгаарлах, хаах, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна. Бэлэн мөнгө, халамжийн бодлогод их мөнгө цацсан. Манай улсад ч мөн адил. Энэ нь инфляц, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлсөн. Цар тахлын үед Засгийн газар ба Төв банк хамтарч ажиллаж байж энэ хүндрэлийг давна гэдгийг хэлсэн байна. Гэхдээ энэ процесс удаан үргэлжилбэл эргээд тухайн улс орноо нураана. Энэ хоёр сүлбэлдэж болохгүй. Удаан хоршлын үр дүнд халамжийн бодлого тэлж байгаа. Түлш, цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах бодлого явж байна. Сөрөг тал нь аманд нь халуун хоол хийсээр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо. Миний сонссон мэдээллээр архи үйлдвэрлэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гээд байх юм. Халамжийн бодлого ходоод руу архи хэлбэрээр ороод бүгд архичин, хэдэн жилийн дараа ажил хийх хүн байхгүй цар тахлын дараа хөдөлмөрийн зах зээл нийгмийн том аюул учирч болзошгүй байна. Баян цатгалан Арабын улс шиг өөрсдөө гадаадаас хүн авч ажлаа хийлгэдэг. Өөрсдөө төр засгаас халамж амьдардаг улс болчихсон юм биш байгаа гэсэн болгоомжлол байна" гэсэн юм.