С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Баярсайхан: Манай улс цахим орчны хүчирхийллээр дэлхийд тэргүүлж байна
УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нь" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баярсайхан, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, БШУЯ, ГБХЗХГ-ын Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, СЭМҮТ зэрэг байгууллагуудын төлөөлөл болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд оролцсон юм.
Хэлэлцүүлэг нь манай улсын интернэт хэрэглээ эрс нэмэгдэж, цахим орчинд хүүхдүүд ихэнх цагийг өнгөрүүлж байгаатай холбогдуулан цахим орчинд хойч үeэ хамгаалах, зөв зохистой интeрнэт хэрэглээнд төлөвшүүлэхэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон иргэний байгууллагуудыг анхаарч ажиллахад нөлөөлөх, цахим орчны хор уршгаас хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, арга замыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлэхи, эрх зүйн орчныг сайжруулах зорилготой юм.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Өмнө нь батлагдсан хүүхэд хамгааллын хуульд биет зүйлсээс хамгаалах тухай заасан. Цахим орчинд хамгаалах тухай энэ хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулж өгөх хэрэгтэй. Цахим орчны тухай тусдаа хуультай болгох эсэх тал дээр мэргэжлийн хүмүүсийн санал санаачилгыг авна. Бид хууль эрх зүйн орчноо зөв тодорхойлох нь хамгийн чухал байна. Хүүхдүүдэд хэрэгтэй чухал, зөв хууль гаргахын төлөө хамтран ажиллая” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Төрийн болон төрийн бус байгууллагууд цахим орчинд дахь хүчирхийлэл, гадуурхалтын эсрэг олон төрлийн хөдөлгөөнийг өрнүүлж байсан боловч манай улс цахим орчны хүчирхийлэл, амиа хорлолтоор хүн амынхаа тоотоо харьцуулахад дэлхийд тэргүүлж байна. Хөгжингүй орнууд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулиа батлаад хэрэгжүүлж байна. УИХ-ын гишүүний хувьд цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг санаачилж судалгааны ажлаа эхлүүлээд явж байна. Цахим орчин хүүхдийн эрхийг хамгаалах тухай бие даасан хууль батлахын тулд УИХ-ын гишүүд хүчин чармайлт гарган ажиллах болно. Үүнд та бүгдийн оролцоо чухал” гэв.