С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: Шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх
УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус есөн гишүүнийг хүлээн авч уулзаж хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Үүнд:
1/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүн хийгээд шүүх байгууллагын нэр хүндийг сэргээх, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах улмаар улс орны хөгжлийн олон асуудлыг шийдэх гарц Та бүхнээс хамаарна.
2/ Сүүлийн зургаан жилийн социологийн судалгаагаар 4 хүн тутмын 3 нь шүүхийн байгууллага, шүүгчдэд итгэх итгэл буурсан хэмээн үзсэн байна. Иймд Та бүхэн чин сэтгэлээ зориулж, шударга, хараат бус байдлаар ажиллаж чадвал ард түмний шударга ёсыг тогтоох хүсэмжлэлийг гүйцэлдүүлж, шүүх засаглалд иргэдийн итгэх итгэл сэргэх болно.
3/ Хүн биш хууль засагладаг нийгмийг бүрдүүлэхийн тулд шүүх хараат бусаар ажиллах, хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх, хүний эрхийг хангах зэрэг бүхий л боломжийг бүрдүүлэн хуульчилсан.
Тиймээс Сахилгын хорооны гишүүд та бүхнийг хэн нэгэн дарамтлах, хууль бус үйлдэл хийлгэхийг шахаж, шаардах нөхцөлд ил тодоор мэдээлж, сөрөг нөлөөнд автахгүй ажиллахыг хүсье.
Хууль дээдлэн, шүүхийн шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж чадвал УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд та бүхнийг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг онцолжээ.