С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Цэрэнпунцаг: Хятад компанид зарагдсан газарт "Богд Зонхова" барихаар болсонд баяртай байна
"Богд Зонхова" цогцолбор барих төсөлд 27 тэрбумыг нэмж суулгасан тухай асуудал өнгөрсөн өдрүүдийн гол дуулиан байв. Эл цогцолборыг барих санаачилга гаргасан УИХ-ын гурван гишүүн нэг нь Ц.Цэрэнпунцаг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Богд Зонхова" цогцолборын зураг төсөл гараагүй, хэмжээ нь ч бага байсан. Сүүлд зураг төсөл нь нарийвчлан гараад 32 тэрбум төгрөг болж нэмэгдсэн тухай Барилгын хөгжлийн төв, Соёлын яамнаас тайлбарласан. Төслийг өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрөлтэй Залаатын аманд буюу уулын орой дээр хэрэгжүүлэх гэж байсан. Уулын оройд бүтэхгүй. Үүнийг барих компани ч Монголд байхгүй. Дэд бүтэц байхгүй. Тиймээс бид Үндэсний соёл амралтын хүрээлэн юм уу бурхан шашны холбогдолтой газарт барья гэж яриад Тасганы овооны жаахан газарт барихаар болсон. Өмнө нь 1992 онд Засгийн газрын тогтоол гарч, Тасганы овоо нь түүх соёлын дурсгалт газар мөн гэж байсан юм билээ.
Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь төсөв тавилаа. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа. Бидний амьдрал үргэлжилж байна. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой. Энэ том төсөл явах ёстой гэж харж байна. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандан дээр очно. Xотынхоо төвд байгаа энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Харин ч Хятад компанид зарагдсан газарт "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгосон. Тендер зарлаж, компани нь шалгарахаар хариуцаж байгаа албаныхан шийдвэрлэнэ" гэв.