Д.Ганбат: Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хийчихсэн юм байна

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний үнэ, өнөөгийн нөхцөл байдлын талаар сайд Н.Тавинбэхийн мэдээллийг сонсож, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Энэ талаар Бүлгийн дарга Д.Ганбат "Эрчим хүчний нөхцөл байдал эрсдэлтэй, хүнд нөхцөл байдалтай байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Эрчим хүчний салбарт 16 мянган хүн ажилладаг. Жилд 8-10 хувийн хэрэглээний өсөлттэй. Хувийн хэвшил болон улсын 32 аж ахуйн нэгж энэ салбарт ажиллаж байна. 1.6 сая төгрөгийн дундаж цалинтай. Сүүлийн 1-2 жил нэмэгдээгүй. Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хийчихсэн юм байна. Гэвч Оросын тал Байгаль нуурын эмзэг экосистемийг хадгалахад саад учруулна гэж үзжээ. Байгаль нуураас гарч байгаа усны эх үүсвэр дээр таван цахилгаан станц ажилладаг бол орж байгаа эх үүсвэрт нь усан цахилгаан станц ажилладаггүй. Биологийн нөхөн сэргээлт дээр нь Олон улсын судалгааны байгууллага болох Францын компани ажиллаж байна. Дүгнэлт нь удахгүй гарна. Эрчим хүчний ачааллын оргил үед ОХУ-аас нэмж 100 мВт-ын цахилгаан авахаар болжээ. Цаашид гэрээ хэлэлцээр хийх юм байна. Эрчим хүчний салбарыг өөр түвшинд хүргэх цаг нь болсон. Шаардлагатай бол АН-ын бүлэг Засгийн газарт зөвлөмж өгч ажиллана. 

Цаашдаа эрчим хүчний нөөцийг нэмэх хэрэгтэй. Манай иргэдийн хэрэглэж байгаа цахилгаан маш бага. Тиймээс эрчим хүчний үнийг чөлөөлөх тал дээр анхаарч ажиллах ёстой гэсэн асуудлыг манай бүлгийн гишүүд хэллээ. Чөлөөт бүсийн асуудал дээр хууль хоорондын зөрчил байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тодорхой болгох шаардлагатай байна. Тэгэхгүй бол чөлөөт бүсийн асуудал тодорхой биш байна.