Д.Амарбаясгалан: Өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа

МАН-ын 30 дахь Их хурал Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээр үргэлжиллээ. Их хуралд 21 аймаг,  нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. 

Ерөнхий нарийн бичгийн дарга энэ  дөрвөн жил улс төрийн өрнүүн үйл явдал арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэлт оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа хэмээн онцлоод “Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний зэрэгцээ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэлээ. Бид сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага гэж үзэж амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна.

Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд бид улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн сэтгэлээр ажиллах болно” гэлээ.