Н.Энхбаярын 10 жилийн дараах бардамнал

МАН-ын XXX хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, намын дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үг хэлжээ.

Тэрбээр "Бид “Ковид 19”-тэй тэмцэж буй хүнд хэцүү үед хурлаа хийж байна. Цар тахлын аюултай нүүр тулан тэмцэж, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж буй эмч, цагдаа, онцгойгийнхон, цагдаа нартаа хурлын индрээс гүн талархал илэрхийлж байна. Цар тахлын үед амьдралаа залгуулж, амьдралынхаа төлөө тэмцэж байгаа ард түмэндээ гүн талархъя.

Монголын ард түмэн бол агуу, бид нүүдэлчид. Нүүдэлчдийн нэг онцлог нь аливаа асуудал, тулгамдсан хүнд асуудлыг боломж, бололцоо, амжилт болгож чаддаг. Агуу ард түмэн агуу түүхийг бүтээдэг. Агуу түүх бүрэн бүтэн байж агуу түүх болдог. Энэ их хурал МАН, МАХН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд болж байна.

100 жил гэдэг бол агуу түүх, агуу цаг хугацаа. Энэ цаг хугацааны өмнө хэн ч томрох, бардамнах эрхгүй. Энэ түүхийг бүтээлцсэн бүх үеийнхэн, ахмадууддаа танхимд цугласан бүх хүмүүс 100 жилдээ хүндэтгэл үзүүлэх ёстой. Монголын 100 жилийн түүхийг бүтээсэн МАН, МАХН-ынхан ахмад, залуу, дунд гурван үеийнхэндээ, агуу түүхийг бүтээсэн ард түмэндэ мэхийн ёслоё.

Агуу түүхийг бүтээхэд эв нэгдэл хэрэгтэй. 100 жилийн босгон дээр хоёр нам эвлэлдэн нэгдсэн нь түүхэн чухал ажил юм. Одоо нам бүтэн болсон. Тиймээс бүтэн түүхээ цааш үргэлжлүүлэх бололцоо нээгдлээ. Хоёр намын нэгдэл бол Монгол Улсдаа бид эв нэгдэлтэй байж чадна гэдгээ харуулсан үйл явдал.

Агуу түүх алдаа оноог багтаадаг. Харамсалтай нь зарим хүмүүс агуу түүхийг дандаа сайн байсан юм шиг санадаг. Бидний оноо бол тусгаар тогтнолыг олж чадсан. Алдаа нь хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. Агуу түүхийг бүтээж байгаа намын хувьд, агуу түүхийг бүтээх үйлсийг толгойлж буй Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн их тэнхээ гаргаж ололтоо онцлон тэмдэглэхийн хажуугаар уучлалт гуйсан нь ёс суртахууны, үлгэрлэлийн том алхам юм. Уучлал гуйна гэдэг нь дахин ийм алдаа гаргахгүй гэсний баталгаа.

Уучлал гуйхаас гадна бусдыг уучилна гэдэг агуу. МАН, МАХН бусдыг уучилж ирсэн нам. Бусдыг уучлахын цаана эв нэгдэл, бүтээлч хөдөлмөр, хамтын ажиллагаа байдаг. Гэхдээ алдааг янз бүрээр тодорхойлдог. Хамгийн том алдаа бол хойшлуулах, хойш суух, тодорхойгүй байх. Хойшлуулсан алдаа бол засаж болдоггүй алдаа. Бид бүхэн хойшлуулахгүйн тулд энд хуралдаж байна. Хойшлуулж болохгүй ажлыг энд ярилаа. Ярьсан болгоноо, тохирсон болгоноо, шийдсэн болгоноо маргаашаас эхлээд гардан хариуцаж ажиллана шүү гэдгийг дахин дахин сануулъя.

МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтаж байгаагүй. Үе үеийн гишүүд, төлөөлөгчид хийх ёстойгоо хийж ирсэн учраас МАН-ын түүхийн амьд холбоо үргэлжилсэн хэвээр байна. Би МАН-ын дарга байхдаа та бүхэнтэйгаа хамтран

-“Их өр”-ийг тэглэж,

-“Мянганы зам”-ыг тавьж байсан,

-Энхийг сахиулах үйл ажиллагаанд монголын цэргийг оруулах шийдвэр гаргуулсан

-“Үдийн цай” хөтөлбөрийг эхлүүлж,

-Газар хувьчлалыг хийсэн. Энэ бол та бидний ажлаа хойшлуулдаггүйн үр дүнэ юм. Үүнийг хийхдээ та бүхэн манлайлагчид байсан. Манлайлагчид л ийм зүйл хийж чаддаг. Та бүхэн ганцаараа биш багаараа хийсэн. Багаараа том амжилтад хүрч чаддаг. Тэгвэл МАН гэх багийн хийх ажил юу вэ?

Энэ бол хүний эрх, эрх чөлөөг баттай хангах. Бид маш цөөхөн. Гурван сая хүний эрхийг хангана гэдэг МАН-ын хийх чадах ажил, хийх ёстой ажил гэж үзэж байна. Тиймээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйсан нь хүний эрх, эрх чөлөөг хангана гэсэн баталгаа.

Хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд авлигатай тэмцэх ёстой гэсэн том зорилтыг дэвшүүлсэн. Авлига гарч буй шалтгааныг ойлгох ёстой. Харамсалтай нь өнөөдөр Монголд зөвшөөрлийн улс төр, эдийн засгийн тогтолцоо тогтжээ. Хэтэрхий их зөвшөөрөл дээр тулгуурласан, дулдуйтсан эдийн засаг тогтсон учраас зөвшөөрлийн цаана хүн эрх зөрчигдөж, авлига цэцэглэж, шударга бус явдал гаарч байна.

Социал демократ үзэл бол залуусын хамгийн дуртай үзэл. Яагаад гэвэл бүгдэд боловсрол олгож, эрүүл саруул байлгаж, гэр бүлийг орон сууцтай болгож, байгалийн баялгийг ижил тэгш хүртэх зорилго байдаг. Тиймээс социал демократ үзлээ намын мөрийн хөтөлбөртөө суулгаж, баталж буй МАН залуусын нам болсныг зарлан тунхаглая.

Бид ирэх жил Чингис хааны 860 жилийг ойг тэмдэглэнэ. Эзэн Чингис хааны 1220 онд гаргасан зарлигаар тэр үеийн нийслэл Хархорин хотыг улсын чанартай, нийслэлийн чанартай хот болгоно гэж байгаа нь түүхээ зөвхөн 100 жилээр биш 860 жилээр, мянган мянган жилээр боддог гэдгээ батлан харууллаа. Ам ба ажлын нэгдлээр хүний эрх, эрх чөлөөг хамгаална, амжилтад хүрнэ, шударга ёсыг тогтооно, авлигатай тууштай тэмцэж чадна" гэжээ.