С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Батцэцэг: Элчин сайдыг татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн
БНСУ-д Монгол сурагчийг хүчирхийлсэн асуудлаар тус улсад суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлага тооцон эгүүлэн татахаар болсон тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрээр “БНСУ-д суух Монголын ЭСЯ болон Пусан хотын Консулын ажилтнууд хэрэг гараад таван сарын хугацаа өнгөрсөн байхад мэдээгүй байна гэдэг нь хариуцлагагүйн асуудал юм. Гадаадад амьдардаг иргэд хаана ямар асуудалд орсон, хэрхэн эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн эсэх талаар Элчин сайдын яамандаа мэдээлдэггүй. БНСУ-д ажиллаж амьдардаг 50 мянга орчим иргэн байна. Иргэдийн санал хүсэлт, иргэдтэйгээ ажиллаж байгаа Элчин сайдын яамны үйл ажиллагаа хангалтгүй байна гэх гомдол нэлээд байдаг. Иймд зөвхөн энэ удаагийн хэргээр дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа явдал биш юм.
Гадаад харилцааны яамны сайдаар ажиллаад нэг жил боллоо. Миний хувьд Элчин сайдуудад хилийн чинадад суугаа иргэдтэйгээ нягт хамтран ажиллах шаардлага тавьдаг. Элчин сайдын яамдад Консул буюу иргэдтэй харьцдаг ажилтнуудын тоо маш цөөн. Хэдий тийм боловч үүнд бүх удирдлага, дипломатууд оролцох ёстой. Энэ асуудалд учир дутагдалтай ажиллаж байна.
Ямар нэг байдлаар энэ таван сарын хугацаанд тухайн хэргийг мэдэж болох байсан. ЭСЯ болон Консул оршин суугаа улсын хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй байдаг. Энэ ажил маш учир дутагдалтай явж байсан байна. Яамны удирдлагын зүгээс БНСУ-д суугаа Элчин сайд болон Пусаны Консулд хариуцлага тооцох нь зүйд нийцнэ гэж үзсэн.
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл өгсөн. Энэ үеэр охины асуудлыг шийдтэл Пусаны Консулыг ажиллуулах хэрэгтэй гэдэг саналыг тавьсан. Ажлаа мэддэг, хэл устай учраас хэрэг нэг тийш шийдэгдтэл үргэлжлүүлээд ажиллуулаач гэдэг санал тавьсан. Консулыг татах асуудал нь яамны удирдлагын хүрээнд шийдэгддэг учраас энэ хэргийг шийдэгдтэл Консулыг татах уу, үгүй юу гэдгээ дахин шийдэхээр боллоо. Харин Элчин сайдыг татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн.
Ямар ч түвшний томилгоо, дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийн гадаад хэлний ур чадвар болон бусад мэргэжлийн шалгалт авах тал дээр анхаарна. Хохирогч охинтой холбоотой асуудалд БНСУ-ын Гадаад харилцааны яам сайдын түвшинд анхаарч байгаа. Мөн Засгийн газраас нь ч анхаарч байна. Холбогдох хүмүүс охиноос болон гэр бүлээс нь уучлалт гуйсан бөгөөд энэ хэргийг эцсийн мөч хүртэл шударга шийдвэрлүүлэх болно гэдгээ бидэнд хэлж байгаа” гэв.