С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Пүрэвдорж: Ахмадуудтай ойрхон ажилладаг Н.Учрал, Г.Тэмүүлэн нар мэдэрч байгаа
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Төслийн хүрээнд тэтгэвэр тогтоохдоо НДШ төлсөн долоон жилийн дунджаар биш таван жилийн дунджаар тооцохоор тусгасан юм. Тиймээс хууль санаачлагчийн зүгээс ирэх долоо хоногтоо багтаж хэлэлцэхийг шаардлаа.
Тэрбээр "Өнөөдөр ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч амьдарч байна. “Ковид 19”-тэй холбоотой юмны үнэ өссөн энэ үед ийм мөнгөөр амьдарна гэдэг маш хүнд. Ахмадууд шударгаар 30-40 жил нийгмийн даатгал өндөр хувиар төлчихөөд ийм бага тэтгэвэр авч байгаа нь зохимжгүй. Тэтгэврийн тогтоохдоо сүүлийн долоон жилийн НДШ-ийн дунджаар тооцдог болсноос хойш авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээ улам багасаж байна.
Хөшөө барихад мөнгө зардаг мөртлөө ахмаддууддаа, амьд бурхадаасаа мөнгө харамладаг төр байж болохгүй. Энэ хуулийг хэлэлцэхгүй байгаа учраас би фэйсбүүк групп нээж, ахмадуудтай хамт тэмцэхээр болсон. Тус групп руу ахмадууд "Долоо биш таван жилийн дунджаар тэтгэврээ тогтоо" гээд аймаг, сумаа бичээд зургийг дараад явуул. Үүнийг би хэвлээд танай тойргоос сонгогдсон УИХ-ын бүх гишүүнд хүргэнэ. Бүгд хамт тэмцэх ёстой.
Хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахын тулд УИХ-ын даргын сонгогдсон Баянхонгор аймаг, Ерөнхий сайдын сонгогдсон Хэнтий аймаг, УИХ-ын дэд дарга болон энэ асуудлыг хэлэлцэх байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарын сонгогдсон Чингэлтэй дүүргийн талбай дээр энэ шаардлагыг бариад зогсоорой. Ахмад хүмүүс битгий удаан зогсоорой. Энэ шаардлагыг биелүүлж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй бол аймаг, сум бүрээс шаардлагаа хүргүүлнэ.
Цагаан сар дөхөж байна, ахмадууддаа зориулсан энэ хуулийг баталчихаад тойрогтоо очвол та бүхэнд маш чухал. Ахмадуудтай ойрхон ажилладаг Н.Учрал, Г.Тэмүүлэн нар мэдэрч байгаа. Та нар бол залуу хүмүүс. Удахгүй ахмад болж тэтгэвэр ярих болно. Тэр үед энэ асуудалд та нарын толгой руу орох болно" гэв.