Сайд нарыг нийтийн тээврээр зорчуулах Т.Доржханд гишүүний санал

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд сайд нарыг автобусаар зорчих санал гаргажээ. Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд 430 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн шиг санаж байна. Дээр нь Зээлийн хэлэлцээрийн хүрээнд 100 сая долларын санхүүжилт хийвэл таван жил орчим хугацаанд нийт 800 орчим тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулахад зарцуулах нь. Их хэмжээний мөнгө тусгаж байна. Үр дүн чухал. Өмнө нь АХБ, Дэлхийн банкны санхүүжилттэй олон төсөл хэрэгжсэн ч үр дүн гараагүй. Ганц асуудал байна. Тогтвортой, тууштай биш солигддог. Дарга нар нь нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй. 

Улаанбаатар жижигхэн хот. Дэлхийн том хотуудтай харьцуулахад алхаад явах боломжтой. Явган хүний замуудыг тэлмээр байна. Унадаг дугуйн замуудыг нэммээр байна. Сайд нар бүгдээрээ нийтийн тээврээрээ зорчдог болмоор байна. Японд сайд нар нь метрогоороо явдаг, сайдын машин гэж байхгүй. Өглөө 06 цаг зүүрмэглээд л явдаг, оройтвол таксидаад л харьдаг. Гэтэл манай сайд нар дохиолол хангилуулаад явдаг. Ийм ядарсан орны дарга нар өөрсдөө нийтийн тээврээрээ явдаг, тусгай хангамжтай байхаар хэн нийтийн тээврээр явах юм бэ. Гаднаас олон улсын байгууллагынхан ирээд “Ямар муухай юм бэ, энэ төсөл хэрэгжихгүй юм байна” гээд явдаг. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлье. УИХ-аас чиглэл өгье, сайдаасаа эхлээд бүгдээрээ нийтийн тээврээр явъя, унадаг дугуйгаар эсвэл алхая. Ингэж байж энэ төсөл хэрэгжинэ, хөдөлнө” гэжээ.