С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
50.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ
УИХ-ын гишүүн Н.Ганибалаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын иргэдэд учруулах нөлөөллийг багасгах, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг 2020 оны 04 дүгээр сараас эхлэн үе шаттай авч хэрэгжүүллээ. Үүнд:
-Халамжийн тэтгэврийг 180 мянгаас 100 мянгаар нэмэгдүүлж 288 мянган төгрөгт, хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөгт хүргэж, хөл хорионы үед иргэн бүрт 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийг олгожээ.
-2020 оны 04 сараас 2021 оны 7 сар хүртэлх хугацаанд 38.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 579.9 мянган даатгуулагчид 873.8 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүллээ. Мөн энэ хугацаанд 44 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн торгууль, алдангиас чөлөөлсөн байна.
-Үйл ажиллагааг нь зогсоосон, борлуулалтын орлого нь буурсан 7.2 мянган ажил олгогчийн 80.9 мянган даатгуулагчид 44.1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон.
-Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцан нийт 1.1 их наяд төгрөгийн зардал төлснийг дурдав.
Мөн тэрбээр, “Ковид-19”-ийн цар тахлын үед аж ахуйн нэгж, өрхийн орлогыг хамгаалах бодлогын арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөгийг зарцуулсныг тодотгоод нийгмийн хамгааллын нэг том хөтөлбөр болох нийгмийн даатгалын сангаас 2021 онд 719.3 мянган даатгуулагчид 2.6 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг хуулийн хугацаанд саадгүй шуурхай олголоо. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж нийт 21 мянган иргэнийг хамруулж, үүнээс 11.9 мянган иргэн тэтгэвэр шууд тогтоолгож, 33 тэрбум төгрөгийн олголтуудыг хийгээд байна гэв.
Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталж, хүндэтгэн үзэх шалтгаантай даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж бүрэн олголоо. 2020 онд 21.3 мянган хүнд 50.2 тэрбум төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 23.8 мянган хүнд 50.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ.
Тэтгэмжийн даатгалын сангаас 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 160.9 мянган хүнд 26.0 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс 56 мянган хүнээр илүү байна.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 2020 онд 1.1 мянган хүнд 928.9 сая төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 633 хүнд 583.7 сая төгрөг зарцуулсан гэж байлаа.
Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нийгмийн даатгалын болон тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Харин нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 2.4 сая иргэнд 2.9 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх ажлын хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.
УИХ-аас баталсан бодлогын бичиг баримтад туссан төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтыг хэрэгжүүлэх, цар тахлын үед нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор бүх тэтгэвэр, тэтгэмж авагчдыг банкны данстай болгож, карт олгож, банкуудтай нягт хамтран ажиллаж байна.
Нийгмийн даатгалын 34 үйлчилгээнээс 15, нийгмийн халамжийн 72 үйлчилгээнээс 26 үйлчилгээг бүрэн цахимжуулж, E-mongolia системд холболоо. 2021 оны 12 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэж эхэллээ.
Нийгмийн хамгааллын салбарын багц хуулийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг мэдээллийн бүх сувгаар эрчимтэй явуулсны үр дүнд нийт 2.5 сая хүнд давхардуулсан байдлаар мэдээлэл хүргэсэн байна.
Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид олгох сувиллын хувьсах зардлын хэмжээг 1 дахин нэмэгдүүлж 60 мянган төгрөгт хүргэсэн гэж А.Аруинзаяа сайд мэдээлэлдээ онцолсон.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Нийтдээ 10 сая хүртэл төгрөгийн зардал олгох боломж бүрдлээ.
Хөдөлмөрийн чадвар алдалтын байдалд холбогдох байгууллагатай хамтран хяналт, шалгалт явуулсны үр дүнд 63 мянган хүнийг хамруулан шалгаж, 3.7 мянган хүний зөрчил илрүүлэн, тухайн хүмүүсийн шийдвэрийг цуцлан арга хэмжээ авсан.
Эрүүл мэндийн яамны мэдээллээр улсын хэмжээнд 9.9 мянган эрүүл мэндийн ажилтан коронавируст халдвар авч, эмчлүүлсэн байна. Энэ нь нийт өвчлөлийн 1.4 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байхдаа коронавирусын халдвар авсан болон гэр бүлээ орхин эрсдэлт нөхцөлд ажилласан эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах, гэр бүлд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 09 дүгээр сараас хойш нийт 51.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгоод байна. Цаашид нийгмийн хамгааллын шинэчлэлийг хийж, үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд ил тод, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх зорилт тавьж ажиллаж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээлэлдээ дурдав.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Н.Ганибал нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдыг ажилд нь буцаан авах, нөхөн олговрыг олгох асуудал болон төрд хохирол учруулсан албан тушаалтанд хариуцлага тооцоход хяналт тавьж буй эсэх Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хүрээнд хэчнээн хүн хамрагдсан талаар лавлаж байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн судалгаагаар 2016-2018 онд ажлаас хууль бусаар халагдсан албан хаагчийн ажилгүй байсан нөхөн олговорт 4,6 орчим тэрбум төгрөг олгох тооцоо гарснаас 3 орчим тэрбум төгрөгийг, 2019 онд 427 хууль бусаар халагдсан албан хаагчдад ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.7 орчим тэрбум төгрөг олгохоос 207 хүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1.4 тэрбум төгрөгийг тус тус олгосон гэж байлаа. Цаашлаад 2021 оны эхний хагас жилийн байдлаар аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 67 байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдад хамаарах 377.8 сая төгрөгийг ажилгүй байхын үеийн цалин, нөхөн олговор олгох шийдвэр гаргасныг тодотгосон.
Харин Ажлын хэсгийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотойгоор шүүх эсхүл Төрийн албаны зөвлөл хууль бусаар халсныг тогтоосон тохиолдолд буруутай албан тушаалтны төрд учруулсан хохиролд Төрийн албаны зөвлөл хяналт тавина гэсэн зохицуулалттай. 2019 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийн хүрээнд 2, 2020 онд 1, 2021 онд 19 нэхэмжлэл гарсны дагуу ажиллаж байна. Төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой төрд учруулсан мөнгөн дүн 2019, 2020 онд нийт 368 сая 883 мянган төгрөг гэсэн судалгаа гарсан. Бид энэ судалгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан ёсны мэдээлэлд үндэслэж, бүртгэл, үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа, 2020 оны байдлаар нийт 230 мянган малчны 12 хувь нь тэтгэврийн даатгалд хамрагдсан байсан. Энэ жилийн хувьд 27 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдаад байгааг тодотгов. Тэрбээр, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр сунгасныг онцлоод өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 19,4 мянган малчин, 1,6 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу нийт 21 мянган хүн хуулийн нөхөн төлөх боломжийг ашиглаж, 42,9 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн байдаг. Үүнээс 12 мянган хүн Нийгмийн даатгалын сангийн үр шимийг шууд хүртэж, 33 тэрбум төгрөгийг зарцуулсан хэмээн хариулж байлаа.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал асуулгын хариулгатай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр, төрийн жинхэнэ алба хаагчийг хууль бусаар халсан нөхөн олговорын олголтын талаарх нэгдсэн дүн мэдээлэл зөрүүтэй, төрд учруулсан хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгааг онцлоод, сайн хууль гаргадаг ч хэрэгжилтэд нь онцгойлон анхаарах шаардлагатай байгааг мэдэгджээ.