С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амарсайхан: Гэртээ гурав хоног тусгаарлаж ажиглах хэрэгтэй
Засгийн газрын хуралдаанаар гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг цуцлахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байдаг. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Иргэдийн хувьд тусгаарлалтад орсон бол хугацаагаа дуусгана. Цаашид тусгаарлагдах хүлээлттэй байсан иргэд ажиглалтад байх шаардлагагүй. Гэхдээ гурав дахь тундаа хамрагдсан, PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Өөрийгөө гэртээ тодорхой хугацаанд буюу гурав хоног тусгаарлаж ажиглах хэрэгтэй. Энэ бол иргэний хариуцлагатай холбоотой. Иргэдийг ажил, хувийн асуудлаа зохицуулаад эх орондоо ирж байхад нь заавал буудалд тусгаарлаж хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр аль аль талдаа хариуцлагатай байя гэж байгаа юм. Хэрэв гурав дахь тунд хамрагдаагүй бол шалтгааныг хэлэх, эрүүл мэндийн зөвлөмжийг дагана" гэсэн юм.
Харин Замын-Үүд дэх ачаа тээврийн талаар "Ажлын хэсгээс гаргасан ажлын төлөвлөгөө зохион байгуулалт хэрхэн хэрэгжиж байгааг харж нягталсан. Чингэлэг тээврийг хилээр нэвтрүүлсэн. Өнөөдөр 13:00 цагийн байдлаар 50 чингэлэг хилээр нэвтэрсэн. Монгол Улс Хятадын талд ачаа тээврийн тоог нэвтрүүлэх, Эрээнээс өргөн царигаар нэвтрэх галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, Эрээний талд нэмж болзошгүй үндэслэлгүй ачаа тээврийн үнийг буулгах гэсэн шаардлага тавьж байна. Мөн хоёр улсын хооронд аль аль талдаа үүрэг хүлээж, алба хаагчдаа тусгаарлах, халдварыг тараах орчныг бүрдүүлэхгүй байх зохицуулалт хийж байна. Замын-Үүдэд хэсэгчилсэн онцгой дэглэм тогтоож байна.
Албан хаагчдыг авлигад өртөхгүй байх, ачаа тээврийн үнийг өсгөхгүй байхад хяналт тавих, ачаа тээвэрлэлтийг тогтвортой байлгах зэрэг зохицуулалт хийж байна. Цаашид чингэлэг тээвэр хэвийн болох байх. Ганцхан зүйлийг анхаарах нь халдвар хамгааллын дэглэмийг онцгой анхаарах ёстой. Албан хаагчид эрсдэл гаргавал Хятадын талаас хил хаах эрсдэл өндөр байгаа. Иймд шат шатны албан хаагчдын өндөр хариуцлагын асуудал гэж үзэж байна” гэлээ.