"Транзит Монгол Улс" боломж бүрдэнэ

Шадар сайд С.Амарсайхан Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна" гэв. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д "Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлэх”, 4.5-д заасан “Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.” гэсэн зорилтын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.5.14-т "Чөлөөт бүсийг хөгжүүлж, хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулна” гэж тусгасан.

Мөн Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.17-д “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана" гэж заасан.

Дээрх зорилт, бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2021 оны 234 дүгээр тогтоолоор Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдан ажиллаж байна хэмээн танилцуулав.

Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар:

  • Нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүстэй болох;
  • Шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болох;

Ази-Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү эдийн засгийн зангилаа "Транзит Монгол Улс" болох зэрэг олон боломж бүрдэнэ гэж үзэж байна

“Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон түүний үзэл баримтлалд заасан “чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх” гэсэн шаардлагад нийцэж байгаа юм. Иймд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсчээ.