С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Халтар: Шинээр 2700 км төмөр зам барина
Зам тээврийн салбартай холбоотой хоёр чухал асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ.
Энэ талаар сайд Л.Халтар "Төрөөс төмөр замын талаар хэлэлцсэн 2013 онд Засгийн газраас гарсан 28 дугаар тогтоолыг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан баруун бүсийн босоо чиглэлийн болон зүүн бүсийн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр Монголын төмөр зам компанид үргэлжлүүлэн олгож, энэ ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ.
Баруун босоо чиглэлийн төмөр зам нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км зам. Харин зүүн босоо чиглэл дээр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд 420 км зам барина. Төслийг хэрэгжүүлж дууссанаар манай улс 4,700 км урттай төмөр замын сүлжээтэй болно. Шинээр барих нь 2700 км орчим. 2022 оны эхний хагаст Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг явуулна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг мөн ашиглалтад оруулна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх, Улаанбаатар төмөр замын суурь бүтцийн шинэчлэлд төр мөнгөө гаргаж, бодлогоор үргэлжлүүлнэ.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны замын асуудлыг өнөөдөр хэлэлцэж, олон улсад нээлттэй тендер зарлахаар боллоо. Өмнө нь энэ чиглэл дээр нэг бус удаагийн тендер зарлагдаж байсан ч гүйцэтгэл тааруу байсан учраас гэрээ цуцлагдаж байсан. Төрийн худалдан авах ажиллагааны газар ойрын хугацаанд материалыг боловсруулж тендер зарлана.
2020 онд Монголын авто замчдын холбооноос санаачилж, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны замын техник эдийн засгийн урьдчилсан тооцоог гарган ҮАБЗ, Засгийн газарт танилцуулж байсан" гэлээ.