С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амарсайхан: 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Цар тахлын хугацаанд хоёр талын ажлын хэсэг Москва хотод гурван удаа уулзаж, 2021, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ дагуу ТЭЗҮ-ийг 2021 оны арванхоёрдугаар сарын 15-нд боловсруулж дууссан. Анх 2019 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж, энэ ажлыг эхлүүлж байсан. 2024 оноос өмнө үндсэн ажлын зургийн төсөл, төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, үндсэн ажилдаа орох нөхцөлийг бүрдүүлнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долдугаар сард утсаар ярихдаа төслийг эрчимжүүлэх талаар санал солилцсон. Төсөл хэрэгжсэнээр эдийн засгийг сайжруулах, бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх юм.
Манай улс хийн хэрэглээ хэвшээгүй учир ойрын хугацаанд хэрэгцээ шаардлагатай хийг хангах, хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих хүрээнд эхний ээлжинд эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой. Шинээр бий болох хот суурин, өргөжиж буй хотуудын хэрэглээг хий рүү шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, аж үйлдвэр, ахуйн хэрэглээнд хийг хэрэглэх боломж бүрдэнэ. Тооцоог Эрчим хүчний яам хийж байна. Дууссаны дараа ОХУ-д хүргүүлж, аль чиглэлээр ямар үе шаттай эхлүүлэхийг эцэслэн шийднэ. Хийн хоолой тавигдсанаар бид хийн хэрэглээгээ хангах гаргалгааг гаргаж, хоёр тал зөвшилцсөн гэж ойлгож болно" гэлээ.