С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Бямбацогт: "Ховд-Эко" цемент төслийг Ерөнхийлөгч шавыг нь тавьж эхлүүлсэн
Хөгжлийн банкнаас 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан гэх "Вестерн Холд" компанитай нэр холбогдсон гишүүн С.Бямбацогт тайлбар хийлээ.
Тэрбээр "Гүтгэлэгийн чанартай худал мэдээлэл, харлуулах үйл ажиллагаанд намайг зориуд зохион байгуулалттайгаар холбогдуулж байгаа учраас няцаалт хийж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д ”Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж заасан. Надтай холбогдуулаад буй энэ төсөл огт гажаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна. Миний бие “Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
“Вестэрнхолд ХХК”-ийн хэрэгжүүлж буй "Ховд-Эко" цемент төсөл бол хөгжлийн төсөл. 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж эхлүүлсэн том төсөл. Нийслэлээс мянга тав, зургаан зуун км алслагдсан баруун бүсэд цемент үеийн үед тэнгэрт хадсан үнэтэй байж ирсэн. Үүнээс болж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил ч, хувийн хэвшлийнхэн, иргэдийн барилга байгууламж өндөр өртөг зардалтай баригдсаар ирсэн. Энэ асуудлыг шийдэх, цементийн үнийг хотынхтой адил болгож хямдруулах зорилготой хөгжлийн төсөл.
Монгол Улсын Урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон сүүлийн хоёр ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зорилт тусгагдсан. Өнөөдөр тээвэр ложистик, хил боомтын гацаа түгжээнээс болж барилгын материалын үнэ 70-80 хувь өссөн.
Инфляцийн энэ өсөлтөд барилгын материал, барилга орон сууцны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байгаа. Энэ үед бид барилгын талх болсон цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа тулдаа харьцангуй бага хохирол амсаж байна. Цаашдаа бид дан ганц цемент төдийгүй барилгын арматур, шил цонх, бусад дагалдах материалаа бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Үүнийг л холыг харсан хөгжлийн бодлого гэнэ. Хамаг байдгаа гаднаас авдаг , импортын үнэнд дарлуулдаг “Эдийн засгийн хараат байдлаас ” Монгол Улс ангижрах ёстой. Зээлийн хулгайтай тэмцэхийн оронд жинхэнэ хөгжлийн төслүүдээ хоморгонд нь хэлмэгдүүлж улс орныхоо хөгжлийг гацааж, нурааж болохгүй. Хөгжлийн банкнаас авсан, өгсөн зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь хулгайн замаар олдсоныг АТГ , шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан мухарлаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж байна" гэв.